Инээмтгий хүн гэж түүнийг хэлнэ. Тэглээ гээд хэт маазраад, онигоо яриад савсганаад байсангүй. Царайнаасаа инээд цацруулсан, хүүхэд шиг гэнэн харцтай дөлгөөхөн залуутай ярилцаж суухдаа сайхан энерги авсан шүү. Гадаа нартай хэрнээ цас бударсан тэр нэг өдөр Энхбаярын Алдартай ярилцаж, хөнгөн хэдий ч цаанаа л бодолтой гэмээр хариултуудыг нь тэмдэглэж суулаа. Түүний ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Хамгийн сүүлд найруулагч Б.Чингүүний “Учрал” уран сайхны кинонд тоглосон гэсэн. Удахгүй энэ кино үзэгчдэд хүрэх гэж байна. Бас хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байгаа болохоор их л завгүй явна уу?
-Тийм ээ. Дорнод, Хэнтий аймаг, Багануур дүүргийн үзэгчдээ зориод удахгүй явах гэж байна. Өмнө нь баруун аймгуудаар тоглоод ирсэн. “Учрал” кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа. Залуусын хайр дурлал, санамсаргүй учрал, хайрын үнэ цэнийн тухай өгүүлэх энэ кинонд Очироо гэдэг залуугийн дүрд тоглосон. Нэрнээсээ л хайрын тухай кино болох нь ойлгогдож байгаа байх.
-Нэр бүхэн утга учиртай, бас ямар нэг далд сэжмээр эзэнтэйгээ холбогдсон байдаг. Алдар гэдэг нэрийг чамд хэн өгсөн бэ?
Намайг төрөхөд будаанд нэр хийж шигшихэд хамаатны эгчийн маань бичсэн Алдар гэдэг нэр гарч ирсэн юм билээ.
-Хүнийг хорвоод дуудах эрхэм нэрийн хүндэтгэлт үгээр дуудуулдаг хүн яаж амьдарч, алдраа өргөж явъя гэж боддог вэ?
-Сайхан л амьдаръя гэж боддог. Юмаар дутаад байхгүй, баян ч биш, ядуу ч биш амьдармаар байна. Мэргэжлийн жүжигчний хувьд өсөж, дэвшиж, олон сайхан дүрд тогломоор байна. Элэг бүтэн гэр бүл, өөрийн гэсэн орон гэртэй, үр хүүхэдтэй, амар тайван сайхан амьдралыг л хүсдэг. Түүнээс биш мөнгөний төлөө гэж улайраад учиргүй их хичээгээд байгаа юм алга. Мэдээж амьдралд мөнгөний хэрэгцээ зайлшгүй гардаг. Тэр мөнгөө олчихоод л амар жимэр амьдрах сайхан.
-Оюутан байхдаа драмын жүжигт тоглохыг хүсдэг байсан уу?
- Тэмка, Тамираа, Баяраа бид дөрөв оюутан байхдаа “Boomtown” хамтлагаа байгуулж, бүжиглэж, дуулдаг байсан. Жүжигчин болох гэж байгаа хүмүүс учраас тал бүрийн авьяасаа хөгжүүлж, залуудаа олон зүйл амжуулах хэрэгтэй гэж бодсон хэрэг. Одоо бүгд мэргэжлээрээ ажиллаж байна. Хэдийгээр байнга уулзаад байж чадахгүй ч маш дотно найзууд. Хүмүүс биднийг муудалцаад, ойлголцохоо болиод хамтлаг нь тарсан гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй ээ. Саяхан бид Тамираатайгаа хамтраад “Миний ах атаман”, “247 градус”, “Аз жаргалын шок” гээд кинонд ажилласан.
-Одоо хошин урлагийн хамтлагт ажиллаж байгаа ч түүнээс гадна ямар жанрын уран бүтээлд дүр бүтээх хүсэлтэй явдаг вэ?
Өдий хүртэл ихэвчлэн инээдмийн кинонд тоглосон байна. Гэхдээ жүжигчин хүн ямар ч дүр бүтээж чадахаар байх хэрэгтэй. Би аймшгийн кинонд тоглох эсвэл алуурчны дүр бүтээхийг хүсдэг юм.
-Инээдэг алуурчин болох нь уу?
-Харин тийм болох үгүйг хэлж мэдэхгүй юм. Холливудын жүжигчид инээдмийн болон аймшгийн киноны аль алинд нь тоглодог шүү дээ. Тухайн киноны зохиолоос л шалтгаалж ямар дүр байх нь тодорно. Зүгээр л ганцаараа орилоод эхэлбэл “Scary movie” болох байлгүй . Тэгвэл эмгэнэлтэй юм болно.
-Багаасаа л ийм инээд алдасан хүүхэд байсан уу. Бас их нээлттэй зантай юм.
-Ийм л хүүхэд байсан. Нээлттэй. Би Орост өссөн шүү дээ. Миний аав хийл хөгжимчин. Намайг төрөөд удаагүй байхад Украины Киевт хөгжмийн сургуульд удирдаачаар сурах болж, ээж бид хоёр тэнд очсон. 16 нас хүртлээ тэнд амьдарсан.

-Энд шилжиж ирээд Монголоор ярих гэж хөглөдөг байсан уу?
-Монгол хүн юм болохоор харилцаад ирэхээр сурчихаж байгаа юм. Дунд сургуулийн хүүхэд байсан болохоор монгол хэлэндээ тааруу байсан нь үнэн.
-“Маск” продакшны тоглосон хүүхдийн жүжгийн зохиолыг өөрөө орчуулсан гэж дуулсан. Орос хэлээр бол хамтлагийнхандаа орчуулга хийчихнэ биз дээ.
-Тэр бүр хэрэглэхгүй байгаа болохоор орос хэлээ мартаж байна шүү. Мартахгүйн тулд ном, жүжгийн зохиол уншиж, кино үздэг юм.
-Алдар ямар хүнд хамгийн их дургүй вэ?
-Эрүүл байхдаа нэг өөр, согтохоороо агсам тавьдаг хүмүүст дургүй.
-Эрүүл, согтуудаа ижил байдаг хүнийг жинхэнэ эр хүн гэж хэлнэ гэдэг дээ.
-Бас хүний өмнө нэг зүйл яриад, цаашаа харахаар нь муулдаг хүнд дургүй. Дургүй нь хүрээд байвал шууд л хэлэх хэрэгтэй. Долигонуур, бялдууч, худалч хүмүүст дургүй ээ.
-Хорвоо ертөнцийн ямар нэг зүйлийг өөрийн хүссэнээр өөрчлөх боломж олговол та юу хийх вэ?
-Сонирхолтой юм. Хийсвэр асуулт болохоор би бас тэгж хариулмаар байна. Сүүлийн үед дөрвөн улирал нь байр байрандаа биш, энд тэнд мөс хайлаад дэлхийн дулаарал болоод байна шүү дээ. Юуг ч хамаагүй өөрчил гэх юм бол дэлхийн тэнхлэгийн хазайлтыг л өөрчилчихнө. Тэгвэл улирлууд байрандаа орж, сайхан болох юм болов уу. (инээв). Шинэ жил болж байхад цас орохгүй хэрнээ хоёрдугаар сард нэвсийтэл цас дараад л, өнөөдөр ч гэсэн цас орж байна. Зун нь налгар сайхан байхаа больсон байна. Энэ цаг уурын өөрчлөлт хүний биед ч сөрөг нөлөө үзүүлж байгаа. Шиврээ бороо, бударсан цас орохоор баярлаж, романтиклах хүсэлтэй залуус байна. Гэтэл тийм юм байхгүй болохоор уурласан, барайсан л хүмүүс олширно.
-Сургууль төгсөөд л “Маск” продакшны жүжигчин болсон уу?
-“Boom town” хамтлагаараа бид хошин урлагийн хамтлаг, продакшнуудтай хамтран ажиллаж, эхлэл төгсгөлд нь бүжиглэдэг байсан. Оюутан болохоор, хааяа ах, эгч нар боломж олгож жижиг дүрд гаргана. Сургууль төгсөнгүүтээ бид дөрөв “Х ТҮЦ”-т нэг жил ажилласан. Тэгээд л “Маск”-т ирсэн дээ. Оюутан байхад “Маск” продакшн байгуулагдаж “Монголын нууц инээд” тоглолт хийж байсан. “Маск”-ийн гурван ах “Та нар яг чадна шүү” гэж биднийг урамшуулаад л, бид нар чадахгүй болов уу гэсэн айдастай тоглож байлаа. Одоо тэр тоглолт Монголын үзэгчдийн танил болж, их түгсэнийг харахад сайхан байдаг юм.
-П.Эрдэнэзаан ахтай их адилхан гэдгээ эхнээсээ л мэддэг байсан уу. Эсвэл та хоёр хамт тоглосоор байгаад нүдэнд дасчихав уу?
-Оюутан байхдаа “Өнгөт инээд”-ийн тоглолтын үеэр бүжиглэдэг байсан. Тэр үед адилхан гэж анзаарч байгаагүй. “Ах аа” гэж хүндэтгэн харилцдаг байснаас биш бид хоёр цусан төрлийн холбоогүй. Сүүлд “Х ТҮЦ”-т байхад Одноо эгч “Чи манай Заанаатай адилхан юм аа” гэдэг байсан. Гайхаж, толинд хараад “Би огт өөр шүү дээ” гэж хэлээд явж байсан. Тэгсэн одоо бүр адилхан ч болоод байгаа юм уу. Сайн мэдэхгүй юм аа. Ёстой сонин.
-Хамт тоглосоор байгаад хүмүүст төсөөлөл бий болгочихсон юм болов уу?
-Заримдаа хүмүүс “Та хоёр ах дүү гэл үү” гээд асууж л байдаг. Үгүй шүү дээ. Заанаа ах баруун, би зүүн аймгийн хүн. Гэхдээ хорвоо дээр чамтай адилхан хүн заавал байдаг. Өөр нэг улс, тивд байгаа л байх. Харин Заанаа ах бид хоёр нэг дор хамт байгаа юм болов уу. (Инээв) Мэдэхгүй ээ, өөрөө ч учраа олохоо болих нь.

-Нөхөрлөлд насны хязгаар байдаг уу?
-Үгүй ээ, байхгүй. Сэтгэлээрээ ойлголцож чадвал насны хязгаар байхгүй. Бас хол байлаа, уулзахгүй удлаа гээд нөхөрлөхөө болино гэж байхгүй. Бид дөрөв ойрд хамт тоглолтод ороогүй хэрнээ саяхан “Хамтдаа” гэдэг нэвтрүүлэгт оролцохдоо яг л оюутан цагийнх шигээ инээлдэж, нэг нэгнийхээ тухай ярилцаж сайхан байсан. Үзэгчид ч бас та дөрвийг харах сайхан байлаа гэж хэлж байсан шүү.
-Одоо бүжиглэж байна уу?
-Хэчнээн тарган ч гэсэн бүжиглэж л байгаа. Жүжигчин хүн бүжгийг хаяж болохгүй. Тайзан дээр гардаг хүн заавал эвсэлтэй байх хэрэгтэй.
-Найзууд нь бүгдээрээ гэр бүлтэй болчихсон байхад ганцаараа үлдчихлээ гэж бодогддог уу?
-Үгүй ээ.
-Найз бүсгүйтэй юү?
-Байхгүй ээ
-Яагаад найзлахгүй байна аа?
-Хүнтэй найзлаад, нөхөрлөөд ирэхээр танигддаг шүү дээ. Нэг л биш хүн бол биш л байдаг юм байна. Тийм тохиолдолд хэрүүл хийж салах албагүй. Бүтэхгүйг нь мэдээд л больсон. Хүмүүс “Алдраа 30 гарлаа, эхнэртэй бол, хүүхэд чинь оройтлоо” гэж л байдаг юм. Гэхдээ дэлхийн жишгээр бол 30 гэдэг бол ид залуу нас шүү дээ. Эр хүн 35 нас хүртлээ байр, машин, тогтсон ажлын байр гээд бүх юмаа цэгцэлчихсэн байх учиртай. Түүний дараа гэр бүлтэй болж болно. Манайхан болохоор сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болоод ч тэгдэг юм уу 18, 21 настайдаа гэр бүл болоод л, удалгүй салж байна.
-Бодож төлөвлөлгүй, нэг нэгнээ гүйцэд танилгүй гэрлэж байна гэж үү?
-Хамгийн аймшигтай нь тэр. Гүйцэд таниагүй байж насан туршдаа хамт амьдрана гэж шийдэж болохгүй. Бодлогогүй байдлаас хүүхэд л хохирно. Монголд гэр бүл салалт маш их байна. Өөрөө хүүхдээрээ байж хүүхэдтэй хоцорч, хүүхдээ өнчрүүлж байгаа явдал олширч, дараа нь амьдрал зохиохын тулд илүү том даваа давах болдог. Эсвэл насан туршдаа хүнтэй суулгүй хүүхэдтэйгээ амьдарч байна. Би хэзээ нэгэн цагт гэр бүлтэй, үр хүүхэдтэй болно. Гэхдээ намайг ойлгох сэтгэлтэй хүнээ л хайж явна. Бодлогогүй алхам хийж, хоёр дахь амьдрал зохионо гэдгээс айдаг. Хэцүү шүү дээ. Юуны түрүүнд өөрийгөө л бэлдэх хэрэгтэй.
-Саяхан хүүхэд асрагч болдог нэвтрүүлэгт оролцсон байна лээ. Хэдэн настай хүүхэд асарсан бэ?
-11 сартай охин.
-Хэцүү байв уу?
-Би хоёр дүүтэй. Орост байхад 1993 онд манай дүү төрсөн. Ээж, аав ажилтай болохоор би л дүүгээ харж үлддэг байлаа. Нуралтаас хамгаалдаг цацлаг түрхээд, живхийг нь солино. Оюутан байхад бага дүү минь гарсан. Бас л асарсан даа. Хүүхэд харах гоё шүү дээ. Эвийг нь олох л чухал. Яг уйлах гэхээр нь анхаарлыг нь татаж, өөр зүйл харуулаад л болно. Хувцсыг нь өмсгөхдөө ч сонирхолтой байж болох хувилбар сонгоно. Гэтэл манай аав, ээжүүд “Алив, хурдан өмс бушуул” гээд л хүүхдээ албаддаг. Өвдөөгүй л бол эвийг нь олсон байхад хүүхэд бараг л уйлахгүй дээ.
-Одоо ээж, аав, дүүтэйгээ хамт амьдарч байгаа юу?
-Нэг хэсэгт тусдаа байсан. Одоо хамт байгаа.
-Дүү нар нь ахаасаа мэргэжил сонгох, эсвэл өөр асуудлаар зөвлөгөө авдаг уу?
-Өөрсдийнхөө л сонголтоор амьдарна шүү дээ. Нэг дүү маань РТДС төгссөн.
-Сэтгүүлчээр ажилладаг уу?
-Үгүй ээ. Өөр янз бүрийн л юм хийдэг. Хүн заавал тэр сургуулийг төгссөн гээд тухайн салбарт ажиллана гэхгүй шүү дээ. Өөрийнхөө сонирхлыг л дагана. Хүнийг албадаж, дургүй зүйлийг нь хийлгэхийг оролдох хэрэггүй. Мэдээж илт буруу тийшээ хазайвал аав, ээж, ах, эгч нь залруулах нь зүй. Түүнээс биш юм юм сонирхож байгаа насан дээр нь “Боль, битгий” гэж хоривол улам л зүтгэх болно. Албадаад эхэлбэл аав хүү, ахан дүүсийн харилцаа холдож хөндийрнө. Тийм болохоор өөр өөрийнхөөрөө л амьдарч байна даа.
Ж.СОЛОНГО