Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 1-нээс эхлэн 26 хоногийн аян өрнүүлж буй. Энэ хүрээнд “Хотын хөгжлийн ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохиож, Тусгаар тогтнолын ордонд “Нийслэл нэг л өдөр сүндэрлээгүй” гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Тэгвэл энэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Зүрхний Улаанбаатар-90” уриан дор бүх ард түмний зугаалга зохион байгуулах юм байна. Нийт улаанбаатарчуудыг амралтын өдрөө цэнгэг агаарт гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн хамт өнгөрүүлэнгээ эх орон, нийслэл хотоороо бахархах сэдлийг төрүүлэхүйц олон арга хэмжээ зохиох гэнэ. Тухайлбал, зугаалгын үеэр бүх насныханд зориулсан тусгай хөтөлбөр бүхий янз бүрийн тэмцээн уралдаан болохын зэрэгцээ түүгээр дамжуулан ард иргэдэд хотын соёлыг түгээх зорилго агуулжээ. Энэ мэтээр “Зүрхний Улаанбаатар-90” арга хэмжээнд нэгдсэнээр та бүхнийг олон сюрприз хүлээж байгаа гэдгийг зохион байгуулагчид амлав.