Манай улсын зүүн гурван аймагт гарсан ой, хээрийн түймрийн хамрах хүрээ, учруулж байгаа гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан ХХААЯ-ны Гамшигтай тэмцэх штаб өчигдөр хуралдлаа. Ийн түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх хандивын арга хэмжээг салбарынхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүсийн дунд зохион байгуулахаар тогтов. Энэ ажлын хүрээнд ХХААЯ, түүний харъяа байгууллагын нийт 305 ажилтан нэг өдрийн цалингаа түймэрт өртсөн сумдад өгөхөөр боллоо. Түүнчлэн яамны дотоод нөөц боломжийг ашиглан малыг зарим эм, бэлдмэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг яаралтай холбогдох сумдад хүргүүлэх, зарим шаардлагатай зардлыг шийдвэрлэх аж.