Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан зургаан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрхи түймрүүдийг цурманд оруулсан бөгөөд салхины хурд их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байна. Түймрүүдийн голомтод Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 1760 гаруй хүн, 60 гаруй орчим техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар “Урьдчилсан байдлаар 40 гаруй айл түймэрт өртөн орон гэрээ алдсан, 3000 гаруй мал хорогдсон тооцоотой байна. Түймрийн голомтод хүн, хүч олон хоног ажилласан. Аймгуудын нөөц хөрөнгө дууссан байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанд шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.