2015-2016 оны хичээлийн жилээс Украин улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээрээ 20 бакалавр (17 бэлтгэл, 16 үндсэн анги), таван докторант сургахаар болжээ. Бакалаврын сонгон шалгаруулалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I-II курсэд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны иргэн бүртгүүлнэ. Докторантурын сургалтад магистрын зэрэгтэй /3.0-аас доошгүй голч дүнтэй/, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны иргэд хамрагдах эрхтэй. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын аль нэг оронд суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт суралцахаар нэр дэвшсэн бол бүртгэхгүй аж. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг Украин улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Тэтгэлэгт хамрагдагч нь украин хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай бол сургалтын төлбөр /1800-2300 ам.доллар/-ийг өөрөө хариуцна. Үндсэн ангид суралцахад Украины тал сургалтын төлбөрийг хариуцах бөгөөд амжилттай суралцагчдад амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.