Роза Отунбаева Кыргыз улсад хуулийг хэлбэрэлтгүйгээр дээдлэн сахих, улс төрийн шинэ соёл бий болгохоо амлажээ. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын үеэр ингэж мэдэгдсэн байна. Сонгуулийн Төв комиссын дарга түүнд ерөнхийлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулжээ.
Өнгөрсөн сарын 27-нд шинэ Үндсэн хуулийн төслийн талаар болсон ард нийтийн санал асуулга төрийн тогтолцоонд хувьсгалын шинж чанартай өөрчлөлт, шинэчлэлт хийх, ардын засаглалыг тогтоох боломжийг нээж өгсөн юм. Ойрын үед ард түмэн түүний үр шимийг амсана гэдэгт би итгэж байна гэж тэрбээр хэлжээ.
Нэгдүгээрт, өнөөдрөөс эхлэн Кыргызэд улс төрийн шинэ үе шат эхэлж байна.
Ард түмэн тусгаар улсыг байгуулах шинэ үндэс суурь, парламентын засаглалыг сонголоо. Кыргызийн ард түмэн парламентын засаглал бидэнд таарч тохирно хэмээн сонголоо. Хоёрдугаарт, Кыргызийн эрх баригчид ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг дээдэлж, эрүүл саруул ухаан бодлыг уралдуулж, шударга яриа хэлэлцээг чухалчлан улс төрийн бүх хүчинтэй үр бүтээлтэй хамтран ажиллахад бэлэн байна. Гуравдугаарт, Кыргызийн шинэ удирдлагын бодлого энэ өдрөөс эхлэн хүн амын нийгмийн асуудалд бүрэн чиглэх болно хэмээн Р.Отунбаева мэдэгджээ.
Энэхүү түүхэн эгзэгтэй үед би нийт ард түмэн, улс төрийн нэгэн санаатныхаа дэмжлэгт гүнээ найдаж, шүүмжлэгчид, сөрөг хүчнийхэн биднийг ойлгон ажиллахыг хүсэн хүлээж байна гэж хэлжээ. Кыргызийн Ерөнхийлөгч Роза Отунбаева өчигдөр Евро Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдаанд оролцохоор Казахстаны нийслэл Астанаг зорьжээ. Энэхүү
анхныхаа гадаад айлчлалын үеэр Р.Отунбаева хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.
Б.БУЯНЦОГ