Монголын бүтээмжийн төв нь байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээмжийг дээшлүүлэх, цаашлаад улс орны бүтээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд Азийн Бүтээмжийн Байгууллагатай хамтран төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ сарын 4-8-ны өдрүүдэд Тоног төхөөрөмжийн иж бүрэн ашиглалт” буюу “Total Productivity Maintenance”олон улсын сургалтыг зохион байгуулж байна. TPM нь анх Тоёота компанийн ханган нийлүүлэгч нарын дунд үүссэн түүхтэй ба үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ аван, засвар үйлчилгээг үйлдвэрлэлтэйгээ холбох тал дээр анхаарснаараа Тоёота компанийг дэлхийн тэргүүний үйлдвэрлэгч болох гол хүчин зүйл нь болсон юм. Энэхүү арга хэрэгслийг хэрэгжүүлснээр байгууллагууд эвдрэлгүй, осол гэмтэлгүй, гологдолгүй бөгөөд онц сайн үйл ажиллагаа, аюулгүй байдал болон чанарыг гол зорилгоо болгон байгууллагын зардал хэмнэгдэж, үйл ажиллагааны чанар сайжирдаг байна. Уг семинарыг Азийн Бүтээмжийн Байгууллага болон Монголын Бүтээмжийн Төвийн хамтын ажиллагааны хүрээнд анх удаагаа Монгол улсад зохион байгуулж байгаа бөгөөд Ази - Номхон Далайн бүс нутгийн төлөөлөл 18 орны оролцогчид, Монгол улсаас АПУ ХХК, Дарханы ДЦС ТӨХК, Сүү ХК, ДЦС 3 ТӨХК зэрэг аж ахуйн нэгжээс нийт 6 төлөөлөгч хамрагдаж байна. Тус семинар нь оролцогч нарт тоног төхөөрөмжийн иж бүрэн ашиглалтын талаар ач холбогдлын талаар ойлголт өгөх, жижиг дунд үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжийн иж бүрэн ашиглалтыг практик дээр хэрхэн амжилттай хэрэгжүүлэх, ажиллагсдын болон тоног төхөөрөмжийн системийг сайжруулснаар байгууллагын соёл болон сэтгэлгээ хэрхэн сайжрах талаар хэлэлцэж, харилцан суралцах зорилготой юм. Нөгөө талаас энэхүү арга хэмжээг Монгол улсад зохион байгуулсанаар Ази Номхон Далайн бүс нутгийн орнуудын хэмжээнд Монгол улсын нэр хүндийг сурталчлах, өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжиж буй менежментийн шинэ арга хандлагаас суралцах, Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын тэргүүн туршлагыг хуваалцах, Азийн Бүтээмжийн Байгууллага (АББ)-ын гишүүн орнуудад түгээн дэлгэрүүлэх, тоног төхөөрөмжийн иж бүрэн ашиглалтыг амжилттай хэрэгжүүлэх аргачлалыг ЖДҮ-т нэвтрүүлэх замаар бүтээмж, инновацийг дэмжих зэрэг ач холбогдолтой болно.