Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.
Захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд барих “Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, санал боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллах юм байна.
“Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн асуудлыг судалж, санал боловсруулах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, 3 дугаар улиралд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасан байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар Ү цахилгаан станцын дэд бүтцийн шугамын трасс дагуух газрыг хамгаалтад авч, газар эзэмших эрхийг захирамжаар баталгаажуулан ажиллах аж.