Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо. “Глоб Интернэйшнл” ТББ-аас энэ жилийн “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг “Өдрийн шуудан”сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт гардуулсан.
Тус ТББ-аас олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн 2009 оноос эхлэн жил бүр олгож буй юм. Тэрээр авто машины улсын бүртгэл болон улсын дугаарын наймааны талаар бэлтгэсэн өгүүллийнхээ төлөө шүүхэд дуудагдаж хоёр жил гаруй шүүх, цагдаагаар явсны эцэст 2014 оны нэгдүгээр сард гэм буруугүй нь нотлогдож шүүх дээр ялалт байгуулжээ.
“Өдрийн шуудан”сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг ярихдаа,“Удаан хугацаанд шүүх, цагдаагийн байгууллагаар явахад шантрах үе их байлаа. Мөрдөн байцаагч, прокурор, гомдол гаргагч талаас эвлэрэх санал тавьж сониноор дамжуулан уучлал хүс гэдэг байсан. Би худлаа юм бичээгүй учраас эцсийг нь хүртэл явж ялалт байгуулсан” гэлээ.