Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж буй учраас энэ удаагийн бага хурлыг эх орондоо зохион байгуулж байна. Мэдээллийн хурд секундээр хэмжигдэж буй сайн талтай ч саар зүйл их гарч буйд 60 гаруй орны төлөөлөгчид санал нэгтэй байна. Тиймээс энэ удаагийн хурлаар цахим орчны ололттой сайн талыг бататгах, сөрөг үр дагаваруудыг засч залруулахад чиглэсэн 40 гаруй илтгэлийг хэлэлцэх юм.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Мариа Лейсснер илтгэлдээ онлайн соёлын асуудлыг чухалчлахыг тодотгосон юм.
Тэрээр ярихдаа, “Олон орон онлайнаар санал илэрхийлэх эрхийг хазаарласан хуулиудыг баталлаа. Түүнчлэн онлайнаар улс төрийн мэдэгдэл хийсэн гэсэн үндэслэлээр олон хүнийг хорьж цагдсан жишээн нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцэн эмэгтэйчүүдийн эрхийг хөндсөн асуудлууд үүсэх болов. Тухайлбал Грекийн алдарт сэтгүүлч онлайн заналхийллээс болж ажлаасаа татгалзахад хүрсэн. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд интернэт орчны заналхийлэл доромжлолд өртөх нь элбэг байна. Тиймээс бид онлайн соёлыг хөндөхөөс аргагүй. Онлайн асуудлыг цэгцлэхийн тулд бодлого хэрэгтэй. Бодлого байхгүйгээс болж онлайныг сөргөөр ашиглагсад нэмэгдэх төлөвтэй байна” гэв.
Манай улсын хувьд 3 сая хүн амын 2 сая нь интернэт хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Гар утас хэрэглэгчид давхардсан тоогоор 5 сая байдгаас 1,8 сая нь ухаалаг систем хэрэглэгчид аж. Гэрлийн хурдаар өсч буй цахим хэрэглэгчдийн дунд хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага байгаа. Гэхдээ олон улсын жишиг, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв хэмээн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм.
Британийн хүүхдийн төлөө буяны байгууллагын судалгаагаар өнгөрсөн онд хүүхдийн эсрэг интернэтийн дарамт 87 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал таван хүүхдийн нэг нь интернэтийн дарамтад өртдөг аж. Мөн Нидерландад хийсэн судалгаагаар интернэтийн дарамтад өртсөн хүүхэд, залуусын амта егүүтгэх тохиолдол бусад хэлбэрийн хүчирхийллээс их байгааг дурдлаа. Тиймээс “Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар хурлын гол зорилго интернэтийн ёсзүйгүй ажиллагаа, дарамт, доромжлолын талаарх ойлголтыг цэгцлэхэд чиглэж байна.