Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлт энэ сарын 15-нд дуусна.
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарчээ. Нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 01-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Харин таван настай буюу 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм. Иймд 2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлт, анги танхим, багшийн хүрэлцээ хангамж, ном сурах бичгийн захиалга зэрэг ажлыг төлөвлөхөд чухал учраас Нийслэлийн Боловсролын газраас хүүхдүүдээ заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг анхааруулж байна.
Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.