Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооноос гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт өнгөрсөн сарын 19-нөөс ирэх сарын 1-ний өдөр БНСУ-ын Инчеон хотод болов.
Энэхүү сургалт нь сонгуулийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах мөн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж. Манай улсын СЕХ-ны төлөөлөгчид “Монгол Улсын сонгуулийн систем” болон “Монгол Улсын Сонгуулийн автоматжуулсан системийн туршлага” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга хийж бусад улсын төлөөлөгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ үеэр Монгол Улсын хэрэгжүүлсэн сонгуулийн автоматжуулсан системийг сайшааж бусад оронд сайн туршлага болсныг тэмдэглэж байлаа. Сургалтын үеэр сонгуулийн мэдээлэл, харилцааны технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болон сонгуулийн бүхий л шатанд хэрэглэгддэг мэдээлэл харилцаа холбооны технологийн загварын талаар илтгэл танилцуулгууд хийсэн байна. Түүнчлэн СЕХ-ны төлөөлөгчид Азийн сонгуулийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн орны хувьд БНСУ-ын Үндэсний ассамблейн нөхөн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцож, урьдчилсан санал хураалт, хэсгийн хороодын үйл ажиллагаа, санал авах болон санал тоолох үйл ажиллагаатай тус тус танилцжээ.