Энэ жил эх орны болон чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа. Нийслэлийн Засаг дарга Ой тэмдэглэх тухай А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг баталжээ. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд “1945 оны чөлөөлөх дайн бол дэлхийн II дайны төгсгөл. Энэ дайнд гурван фронтын 1.5 сая цэрэг бүхий Зөвлөлтийн улаан армийн анги салбар оролцсон. Байлдааны ажиллагаа маш богино хугацаанд болсон. Чөлөөлөх дайны үр дүнд Монголын тусгаар тогтнолыг манай өмнөд хөрш, тэр үеийн Дундад иргэн улс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн” гэлээ.