“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр бусдад орон сууц барьж өгөх, бонд худалдах нэрийдлээр залилан хийсэн хэрэгт буруутгагдан чанга дэглэмтэй хорих ангид 10 жил ял эдлээд суллагдсан юм. Эрх чөлөөтэй болоод 10 гаруй хонож буй түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-2006 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Улсын мөрдөн байцаах газраас шүүхийн шийдвэргүйгээр, шөнийн цагаар намайг Ганцхудагт аваачин хорьсон. Татвар болон улс төрийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь хоршоонд ямар ч хамаагүй. Намайг баривчлагдсаны маргаашнаас “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг зогсоож, “Глоб” группийн хөрөнгийг битүүмжилж хураасан. Албан тушаалын болон татварын хэргүүд нь нотлогдохгүй болохоор хадгаламж нэрээр мөнгө татаж залилсан, орон сууц барина гэж 10 хувийн урьдчилгаа мөнгө авсан гэж залилангийн хэрэг болгон шалгасан. “Глоб”-ыг луйврын уурхай мэтээр олон нийтэд ойлгуулсан. Хохирогч гэж нэрлэгдэж байсан хүмүүс тухайн үед “Глоб кредит”-ийг хувьцаат компани болгон, үнэт цаасаар эрсдлээ хамгаалах санал гаргасан ч төр хүлээж аваагүй. Би Монголд анхны амины орон сууц, 26 давхар зочид буудал барихаар гадаадын хүмүүстэй гэрээ хийсэн байсан. Зээл олгож, барилга баригдан үйл ажиллагаа хэвийн өрнөж байсныг хүмүүс мэдэж байгаа.
-1000 гаруй хохирогч бий. Тэдний хэдийнх нь хохирлыг барагдуулсан бэ?
-Албан ёсоор хохирогч 1233 бий. Тэднээс гадна Мэндбаяр гэж иргэн, төр өөрөө хохироод байна. Хохирлын 50 хувийг төр олгож “ам хаасан”. Үлдсэн хөрөнгийг борлуулаад 50 хувийг нь барагдуулна гэсэн. Одоо 10 тэрбум төгрөгийн хохирлыг нийлж барагдуулах ёстой. Өмнө нь хууль бусаар зарагдсан, үрэгдэж алга болсон бүх хөрөнгийн учрыг олно. Эд хөрөнгийг маань завшсан хүмүүст хариуцлага хүлээлгэнэ. Дуудлага худалдаагаар хууль бусаар худалдсан хөрөнгийг хүчингүй болгох ёстой. Ингэж байж бид төрөөс мөнгө нэхэхгүй. Төр бидний хөрөнгийг өгчих. Яг ямар байдалтай хурааж авсан тэр хэвээр нь. Дөрвөн давхар барилгыг нэг давхрын үнээр зарсан. 4.2 тэрбумаар үнэлэгдсэн байрыг хэдэн жил байлгаж, бохирын усанд автан, мөөгөнцөртсөний дараа гурав дахин хямд үнээр зарсан байгаа юм. Энэ бүхний учрыг олъё. Дөрвөн давхар барилгыг нэг давхрын үнээр авсан хүн надад гурван давхрыг нь буцааж өгөх ёстой биз дээ. Би өөрийнхөө байранд хаалгыг нь өшиглөөд орно. Хүний хөрөнгөд халдаагүй учраас асуудал битгий үүсгээрэй гэж хэлье. Хөрөнгөө аваад хүмүүсийн хохирлыг барагдуулъя.
-Та ялаа эдэлсэн учраас хохирол барагдуулахгүй ч байж болно шүү дээ.
-Тийм ээ. Төлөх шаардлага байхгүй. Гэхдээ алдагдсан тоногдсон, шамшигдсан хөрөнгийнхөө учрыг олно. Энэ хэрэгт хуулийн зарим байгууллага ахиж оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр хувийн журмаар тэмцэнэ дээ. 10 жил ял эдэлсэн ч 10 тэрбумыг төлөх “ял”- тай гарч ирлээ.
-Хэдэн жилийн өмнө зарагдсан хөрөнгөө буцааж авна гэдэг амаргүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.
-Анхнаасаа “Глоб”-ын энэ хэргийг эрүүгийн хэрэг биш гэж хуульчид хэлдэг. Харилцагч болон миний хооронд иргэний харилцаа үүссэн, иргэний үйл ажиллагаа явагдаж байсныг шүүх тодорхой заасан байдаг. Гэрээний хугацаа дуусаагүй байхад төр бүх зүйлийг хүчээр хийсэн. Монгол Улсын хуулиар эрүүгийн хэрэгт хүү тогтоодоггүй, иргэний хэрэгт л хүү тооцдог. Гэтэл хүү тогтоосноор, шүүх өөрөө эрүүгийн хэрэг биш гэдгийг нотолсон. Нэг ч өргөдөл гомдолгүй, шүүхийн шийдвэргүйгээр ял эдлүүлсэн учраас би амар бууж өгөхгүй. Намайг төдийгүй миний эхнэрт долоон жилийн ял сонсгож, дөрвөн хүүхдийг маань гудамжинд гаргасан.
-Таны эхнэр бас ял эдэлсэн юм үү?
-21 сая төгрөгийн торгууль төлсөн. Ял эдлээгүй.
Ч.БОЛОРТУЯА