УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан талаар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан гэх асуудлаар анх удаа нээлттэй сонсголыг тус байнгын хорооноос зохион байгууллаа. Сонсголд холбогдох байгууллага, албан тушаалтан, мөн гурван иргэнийг оролцуулж, талуудын байр суурийг сонслоо. Нээлттэй сонсголоос улбаалж эхний ээлжинд тухайн асуудлаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурийг нь бичгээр авна. Ингэснээр сонсголын хүрээнд ярьсан асуудлыг албажуулж байгаа юм. Үүний дараа байнгын хороог хуралдуулж, хэд хэдэн чиглэлээр санал дүгнэлт гаргана. Юуны өмнө Шүүхийн шийдвэр гарчихаад байхад өнөөг хүртэл ажилд нь буцаан томилохгүй байгаа албан хаагчдын шүүхийн шийдвэр биелэлтийг хангуулна. Хэрэв шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээ авна" гэлээ.
Тэрбээр мөн дөрөвдүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний хооронд иргэдээс Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирсэн. Үүний 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн гэв.