Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/-ээс санаачлан гамшигт нэрвэгдээд буй Балбын ард иргэдэд туслах хандивын аяныг орон даяар эхлүүлжээ.
Балба улсад өнгөрсөн сарын 25-нд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт болж тус улсын нийт 50 бүс нутгийн 29 нь газар хөдлөлтөд нэрвэгджээ. Энэхүү гамшгийн улмаас одоогийн байдлаар 6659 хүн амиа алдаж, 14.062 хүн гэмтэж бэртэн, 8 сая хүн газар хөдлөлтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдээд байгаа аж.
Олон улсын Улаан загалмайн холбооны гишүүн орнууд газар хөдлөлт болсон даруйд Балбын ард иргэдэд туслах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Улс орнууд мөнгөн тусламж, хүнс, хувцас, гамшгийн үед туслах ажиллах хүч, эрүүл мэнд материал техникийн хэрэгсэл, аврах нохой зэргээр тусалж байгаа аж. Улаан загалмайн нийгэмлэгүүдийг оролцуулсан олон улсын нийт хандивын хэмжээ 67.8 сая ам.долларт хүрсэн ч энэ нь төдийлөн хангалттай биш байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ирэх гурван сарын хугацаанд 415 орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлэхдээ, “Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана”, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн ядарч зовсон, гамшигт өртсөн бусдадаа тусалдаг сайхан сэтгэлтэй ард түмэн билээ. Байгалийн гамшиг осол хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тийм учраас орон гэргүй болсон Балбын 8 сая иргэнд туслах хандивын аянд нэгдэхийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалж байна. Хандив өргөсөн бүх хүний нэрийг МУЗН-ийн сайтад байршуулан, Олон улсын Улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгийн холбоонд танилцуулах болно” гэв.
Одоогоор хамгийн эхний хандивыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэйнт Поул цэцэрлэгийн 98 хүүхэд, тэдний эцэг эхчүүдээс өгчээ.
Балбын ард иргэдэд туслахыг хүсвэл ХААН банкны 5010027264 тоот дансанд хандив өргөх боломжтой.