Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн хамт олон даваа гарагт 2175 метр квадрат талбайд 1740 шар хус, 250 хайлаас, 50 улиас, 40 моносны модыг тус тус суулгасан байна.
Тус эмнэлгийн тасаг, нэгж бүр мод суулгасан талбайгаа хуваарилан авч, арчилгаа усалгааг нь хийж байхаар болжээ. Энэ ажлыг ХӨСҮТ болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хамтарсан ОЭТС-ийн “STREAM” судалгааны багийн санаачилгаар хийсэн байна. Тэд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс ая тухтай эмнэлгийн орчинд байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж гэж үзжээ. Тус эмнэлэгт, тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчид 1-2 жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг. Тэдний хувьд эмнэлэг нь хоёр дахь гэр нь болсон учраас ая тухтай байлгах бүхий л нөхцлийг бүрдүүлэх нь тус эмнэлгийн хамт олны үүрэг. Тиймээс ч энэ хамт олон эко орчин бүрдүүлэхэд ийнхүү анхаарч байна. Энэ эрхэм зорилтоо хэрэгжүүлэхээр “Ногоон хашаа” төслийнхөнтэй нэгдсэн байна. Төслийн удирдагчаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ажиллаж байгаа бөгөөд “Галсан сан”, “МИКА монгол” ТББ хамтран ажиллажээ