Улаанбаатар хот дахь Сэлэнгэ Аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан “Сэлэнгэлэг оюутан-Сэлэнгийн ирээдүй” уриан дор Сэлэнгэ аймгийн оюутны анхдугаар их чуулга уулзалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалт нь Орон нутагт гарч буй ажлын байрны мэдээллийг оюутан суралцагчид болон төгсөгчдөд хүргэх, мэдээллээр хангах, Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшилд оруулах оюутан суралцагчдын хувь оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой үзэл бодлыг хүргэж, тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, уриалга гаргах зорилготой аж. Түүнчлэн чуулганд Харвардын их сургууль, Иелийн их сургууль, Токиогийн их сургуулийг төгссөн шилдэг залуучуудаар илтгэл тавиулж, оюутан суралцагчдад оюуны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. “Сэлэнгэлэг оюутан-Сэлэнгийн ирээдүй” чуулга уулзалтанд Сэлэнгэ аймгаас гаралтай төрийн түшээд, салбартаа манлайлж буй Сэлэнгийн залуучууд, Сэлэнгэ аймгийн 17 сумын оюутан суралцагчид оролцох юм байна.