Хөдөлмөрийн хэлтэс төрийн бус байгууллагуудтай хамтран “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” жилийн ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Энэ хөтөлбөрт ажилд гарахаар бэлтгэгдэж байгаа оюутан, ажилгүй бөгөөд ажил идэвхтэй хайгч, ажилгүйдлийн эгнээнд багтаж болзошгүй хүнээс арван жилийн сурагч хүртэл хамрагдах аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү үйлчилгээнд “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо”, “Ирмүүн төгс”, “Бизнест хөтлөх харгуй” зэрэг сургалтын байгууллагаар дамжуулан 1600 хүнд зөвлөгөө мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар Зуунмод сумын ЕБСургуулийн ахлах ангийн сурагчид, аймгийн хэмжээнд 10 гаруй сумын 500 орчим сурагч хамрагдаад байна. Энэхүү ажлыг зохион байгуулснаар тодорхой ажил мэргэжил, ажлын байрны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж, ажил, мэргэжлээ сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрт хамрагдах нөхцөл, боломжийг судалж, таньж мэдэх давуу талтай юм.
2015 онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таван хөтөлбөрийг шинэчлэн баталжээ. Үүнд: хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах, иргэнийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах, залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн болон малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.