Санчир гаригийн дагуул Янусын зургийг НАСА олон нийтэд анх удаа дэлгэлээ. Европ, Америкийн сансрын агентлагийн үр дүн болсон гариг хоорондын Кассини станц тэрхүү дагуулын зургийг 2.5 сая км зайнаас өнгөрсөн хоёдугаар сарын 4-нд авсан юм байна. 179 км диаметртэй Янус бол гаригтаа хамгийн ойр буюу дотоод цагаригт нь байрладаг дагуул бөгөөд үндсэн бүтэц нь мөс юм байна.
Устөрөгчийн хийнээс бүрддэг Санчир бол нарны аймгийн зургаа дахь гариг бөгөөд үүгээрээ Бархасбадь, Дэлхий ван, Далай вантай адил. Гаригийн цөм нь төмөр, никель байдаг бөгөөд салхины хурд нь цагт 1800 км хүрдэг гэнэ. Энэ гаригийн өөр нэг онцлог гэвэл хэд хэдэн цагариган бүслүүртэй. Тэдгээр нь чулуу, тоосонцор, төмөр зэргээс тогтоно. Мөн нарны аймагтаа хамгийн олон буюу 62 дагуултай. Энэ бол одоогийн байдлаар илэрсэн нь. Хамгийн том дагуул нь Титан. Энэ нь мөн л нарны аймгийн гаригуудын дагуулуудаас хэмжээгээрээ хоёрдугаарт ордог. Тэнхлэгээ 10.34 цагт нэг бүтэн тойрдог Санчир манай гаригаас барагцаагаар 1.6 тэрбум км алсад оршдог.
Дээр дурдсан Янус дагуулыг нь 1966 онд
Францын одон оронч Одуин Доллфус нээжээ. Олон судлаач Янусыг Эпиметей хэмээх дагуултай нэг гэх нь бий. Гэхдээ үүн дээр эрдэмтэд санал нэгддэггүй гэнэ.
Дашрамд дуулгахад, ердөө зургаан тонн жинтэй, 10 метр өндөр, нарны эрчим хүчээр цэнэглэгддэг Кассини станцыг Санчир гаригийг судлах зорилгоор гурван тэрбум ам.доллараар бүтээж, 1997 онд тус гаригийн тойрог зам руу хөөргөсөн түүхтэй. Станц 2004 оны зун зорилгодоо хүрч Санчирын тойрог замд орж чадсан бөгөөд тухайн жилийнхээ өвөл тус гаригийн нэг дагуул Титаны гадарга дээр түр буусан аж.