Япон Улсын Засгийн газрын Жайка олон улсын байгууллагынхан өөрийгөө зохицуулах байгууллага бий болгох талаар Монголын Арилжаа Эрхлэгчдийн Холбооны удирдлагуудад сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж өглөө. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар Хөрөнгийн бирж, Арилжааны тооцооны болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжаа эрхлэгчдийн холбоо гэсэн дөрвөн байгууллага нь өөрийгөө зохицуулах байгууллага байхаар заасан байдаг.
Энэ дагуу хамгийн түрүүнд Арилжаа эрхлэгчдийн холбоо бүх гишүүдийнхээ хурлаар хэлэлцэж, дүрэм журмаа гаргаад өөрийгөө зохицуулдаг байгууллага болох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор хүргүүлээд байгаа юм. Өөрийгөө зохицуулдаг байгууллага болсноор Санхүүгийн зохицуулах хорооны зарим нэг чиг үүрэг тухайн байгууллагад шилжинэ гэсэн үг.
Тодруулбал, өөрийн гэсэн дүрэм журамтай, гишүүн байгууллагуудтайгаа ёс зүйн дүрэм боловсруулах, зах зээлийг ил тод шударга, нээлттэй явуулах олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.