Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойн ажлын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй “Урлагт мөнхөрсөн Г.Занабазарын таван дүр” үзэсгэлэнг үзэгч олондоо толилуулж байна.
Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй өндөр гэгээний шавар, шуумал, шүтээн зураг, модон барын дардас, Өндөр гэгээний мутрын дардас зэрэг бүтээлүүдийг үзэгч, уншигч та бүхний саруул оюуны гэгээн мэлмийд толилуулж байна. Бурхан урлалд шашны хувилгаан, хутагт лам, эрдэм үйлсээрээ тодорч шалгарсан ер бусын ид шидтэн нарын дүрийг дүрслэх урлагийн бүх төрлөөр бурханчлан бүтээж, тахин шүтэж, хүндлэн биширч ирсэн түүх байдаг.
Монголчууд эртнээс Өндөр гэгээний дүрийг цутгамал, хөөмөл, зурмал, бар, торгон зураг, шуумал, шавар, шаазангаар урлан бүтээж, нандигнан шүтэж ирсэн нь өнөөдөр Монгол Улс, орон нутгийн музейн сан хөмрөгт ховор үзмэр болсоор байна. Энэхүү үзэсгэлэнгээс Өндөр гэгээний 30 гаруй дүрийг үзэж сонирхох боломжийг олгож байгаа юм.