Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/32 дугаар тушаалын дагуу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд хүнсний “Эрхийн бичиг” олгож эхэлсэн. Тэгвэл 2013-2015 онд нийт 317 мянган иргэн хүнсний талон авч, амьжиргаандаа нэмэрлэсэн байна. Тэдний 46 хувь нь 0-18 насныхан бол 2.7 нь ахмад, үлдсэн нь амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэд байжээ. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор хүүхдэд 5000, насанд хүрэгчдэд олгодог байсан 10 мянган төгрөгийг энэ оноос гурван мянгаар нэмэгдүүлсэн бол хүүхдийнхийг 6500 төгрөгөөр тогтоосон байна. Мөн эрхийн бичигт хамруулах босго оноог дээшлүүлснээр талонд хамрагдах хүний тоо 50 гаруй хувиар, түүнд зарцуулах мөнгө 7.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.