
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдөр /2015.05.20/-ийн хуралдаанаар Хүүхдийн хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр С.Одонтуяа гишүүн хоёр хуулийн төслийн ажлын хэсгийг нэгтгэн байгуулж, хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Тэрээр цааш нь хэлэхдээ “Хүүхдийн эрх, хамгааллын тухай ярихаар эрчүүд нэлээд эмзэг хүлээж авдаг. Эцэг эх нь хүүхдээ алгадах эрхгүй байх нь монгол хүний амьдралын хэв маяг, сэтгэлгээнд тохирохгүй гэсэн тайлбар хэлдэг. Үнэн хэрэгтээ хүүхдээ ганц алгадаад хуулийн өмнө хариуцлага хүлээсэн эцэг эх өнөөдрийг хүртэл нэг ч байхгүй. Ингэж туйлширч болохгүй. Би энэ хуулийг батлуулахын төлөө лобби бүлэг байгуулан ажиллах болно. Манайд хүүхдийн эрх, хамгааллын тухай асуудлыг хэдхэн л хүн ярьдаг. Насаараа энэ чиглэлээр ажилласаар “хүүхдийн” гэсэн тодотгол зүүсэн хүмүүс байдаг. Гэтэл Улсын Их Хурлын түвшинд энэ асуудлыг төдийлөн авч хэлэлцдэггүй хэмээн шүүмжлэхэд Д.Батцогт гишүүн “Яг үнэндээ аавуудаас илүү ээжүүд л хүүхэдтэйгээ тулж ажилладаг. Тийм болохоор эрчүүдэд бүх бурууг тохож болохгүй” хэмээн эрчүүдээ өмөөрөв.
Байнгын хорооны хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх хоёр хуулийн төслийг нэгдсэн чуулганаар оруулж, хэлэлцэхээр шийдвэрлэлээ.