Монгол орон энэ өдрүүдэд тэр аяараа “Оюутолгой”-гоор амьсгалж байгааг тодотгоё. Хувь нийлүүлэгчид “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталж, хоёр жил орчим хугацаанд зогсоод байсан II шатны бүтээн байгуулалтын түгжээг тайлав. Гэхдээ Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийхээр мордсон Ерөнхий сайд маань аагим халуун нутагт бараг хөл тавиутаа “Оюутолгой”-г шийдэж орхисон нь араасаа баахан хар дагууллаа. Эх орондоо гарын үсэг зураагүйн учрыг монголчууд хачирхан гайхаж байна. “Монголын хэргийг харь улсад шийдээд байхдаа яах вэ дээ”, “Ямар “но”-гоо нуух гээд Дубайд үзэглэчихэв” гэх мэт сөрөг байр суурь цахим ертөнцөөр дүүрэн төдийгүй “Луйврын гэрээ” гэж хүртэл харлуулав.
Монголын улс төрийн уур амьсгал, популистуудаас айв уу, эсвэл талууд төвийг сахиж, Улаанбаатар, Лондоны дунд уулзаж, асуудлуудаа шийдсэн үү гэх зэрэг эерүү зөөлөн байр суурь бас эдэн дунд байсныг тэмдэглэх ёстой. Гэхдээ өөр нэгэн таамгийг танд дуулгая. Ерөнхий сайдын хэлсэн үгсийг анзаарвал энэ хувилбар хамгийн бодитой нь. Энэ оны эхний улирлын байдлаар улаан шугаман дороос өндийхгүй байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаа ахиулахаар Ерөнхий сайд хичээж байна. Ингэхдээ үгээрээ бус, “Харав уу, хөрөнгө оруулагчид аа!” гэж үйлдлээрээ харуулахыг зорьсон бололтой.
Дэлхийн санхүүгийн том төвүүдийн нэгээс, Ойрхи Дорнод, Өмнөд Азийн бизнесийн төв цэгээс тэрбээр “Монгол Улс дэлхийн бизнест эргэн ирлээ” хэмээн сайн мэдээ илгээн, чанга дуугаар тунхаглахыг хүсчээ. Дэлхийн санхүүгийн төв гэдэг чинь ингэхэд юу сан билээ? Дэлхийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, “Economist Intelligence Unit” зэрэг байгууллагын үнэлгээгээр хоёр жил тутамд тогтоодог Дэлхийн санхүүгийн төвүүдийн индекст элсэн дундах Дубай хот ямагт урагш зүтгэсээр ирсэн. Энэ онд дэлхийд 23 дугаарт эрэмбэлэгдэж, санхүүгийн төвүүдэд байх ёстой элементүүдийн хувьд Азийн Хонконг, Европын Лондон, Америкийн Нью-Йоркийн чансаанд улам бүр дөхжээ.
Дэлхийн санхүүгийн том төвүүдэд олон улсын банк, бизнесүүд төвлөрдөг. Бөмбөрцгийн томчууд ч энэ л төвүүдэд бизнесийн яриа хэлэлцээ хийж, мөнгө дагасан шийдвэрээ эцэслэдэг “зуршилтай”. Ерөнхий сайд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн эрх мэдэлтнүүдийг Дубайд урьсны үр дүнд ямартай ч Монгол Улс дэлхийн бизнест эргэн ирж буйг олон улс даяар анзаарлаа. Хөрөнгө, санхүүгийн зах зээлд өнгөрсөн хоёр хоногт өрнөсөн үйл явдал үүнийг гэрчилнэ. “Монгол бол хөрөнгө оруулахад таатай орон, Монгол Улс нээлттэй гэдгийг бидний баталсан эл төлөвлөгөө илэрхий харуулна” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубай хотоос дэлхийд зарлав.
Б.ЦЭЦЭГСҮРЭН