Тавдугаар сарын 13. Худалдаа хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд худалдав. Засгийн газрын баталгаатайгаар нэмж 300 саяын бонд оруулж ирэх боломж бий гэнэ. Тавдугаар сарын 14. Сар гаруйн өмнө 2000 руу цойлоод байсан долларын ханш суларч, 1940 төгрөг рүү унав. Төгрөгийн ханш цаашид тогтворжиж, энэ оны эцэс гэхэд нэг ам.доллар 1880 орчим төгрөгтэй тэнцэх төлөвийг ажиглагчид өгүүлж байна. Тавдугаар сарын 17. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлал нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээв. Тавдугаар сарын 18. “Саусгоби сэндс” компани татвараас зайлсхийж, нуун дарагдуулсан гэх 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсад нөхөн төлөхөөр боллоо. Цаашид цалинтай ажиллах эсэхдээ эргэл зэж байсан төсвийнхөн хийгээд уул уурхай, зам, барилгын салбарынхны царцсан бизнест “цус сэлбэж” мэдэх мөнгөний урсгал айсуй. Долоо хоногийн турш хөвөрсөн сайн мэдээ зургаан тэрбум долларын нүсэр чимээгээр үргэлжлэв.
Тавдугаар сарын 19. Сүүлийн хоёр жил гацаад байсан Оюутолгой ордын түгжээ Арабт мултрав. “Оюутолгой” компани гурван шатны шүүхээр баталгаажсан 30 сая ам.долларын татвараа төлөх, таван хувийн роялтийг “бохир” орлогоос тооцох, мөн Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч авах болжээ. Эдгээр нь Оюутолгойн гэрээг наашлуулсан эерэг шийдвэрүүдийн нэгээхэн хэсэг. Энэхүү мэдээлэл араасаа “Тэгвэл одоо Тавантолгойгоо яах гэж байна” гэсэн асуулт дагуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабаас эх орон нэгтнүүддээ болон гадаадын хөрөнгө оруулагчдад хандан “Одоо Тавантолгой ч бас хөдөлнө” гэж мэдэгдсэн нь сайн мэдээний аянд хөсөг нэмлээ.
УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨМӨР ЗАМЫН ТӨЛБӨРИЙГ НҮҮРСЭЭР ХИЙХ ҮҮРЭГ ЗАСГИЙН ГАЗАРТ ӨГӨХӨӨР ШИЙДЖЭЭ
Батлагдмагцаа 620 сая ам.долларыг Монголын эдийн засагт юүлэх “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд УИХ-ын босгон дээр 22 дахь хоногоо үдэж буй. Өөрөөр хэлбэл, Тавантолгой ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг Тавантолгой ордыг ашиглах гэрээний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж байна. Л.Эрдэнэчимэг гишүүний ахалж буй УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан даруйдаа Засгийн газрын ажлын хэсэгт хаягласан асуулгынхаа хариуд М.Энхсайхан сайдаас 100 хуудас бүхий хариулт хүлээн авчээ. Засгийн газрын ажлын хэсгийнхэн УИХ-ын “амидай” нартаа хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний протокол, ашигласан тооцоо, судалгааны баримтуудыг хавсаргасан 2000 хуудас материал мөн хүлээлгэн өгсөн байна. “Түүнээс хойш дахин юм нэхсэнгүй, 20 хонолоо. Юу болж байгааг нь сонирхсон чинь манайхаас авсан баримт нотолгоог уншиж ойлгохын тулд гадаадаас зөвлөх авах яриатай сууж байна гэсэн” хэмээн Засгийн газар дахь эх сурвалж өгүүлэв.
Хамгийн сүүлд буюу өчигдөр авсан албан мэдээгээр бол, УИХ-ын ажлын хэсэг “Тавантолгойн ордыг ашиглахдаа зүүн чиглэлийн төмөр зам буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн байна. Түүнчлэн Тавантолгой ордыг ашиглахдаа дээр дурдсан хоёр чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нөхцөлөөр санхүүжилтийг тохирох, төлбөрийг нүүрсээр хийх зэрэг асуудлыг хөрөнгө оруулагчидтай тохирох үүрэг Засгийн газарт өгөхөөр шийдвэрлэжээ. Зүүн чиглэлийн 1300 орчим км төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы “Ниппон Коэ” компани гүйцэтгэж дуусчээ. Урд чиглэлд баригдаж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг “Чингис” бондын 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Самсунг” компани хийж байгаа аж. “Самсунг” компанийн гүйцэтгэж буй далангийн ажил 86 хувьтай, нийт ажил нь 51.4 хувьтай байгаа аж.
ИХ ТЭНГЭРИЙН ХӨРШҮҮД БУЮУ ГУРВАН ДАРГЫН ТОХИРОО
Эдийн засагт сайн мэдээ хөвөрсөн нэгэн долоо хоног үргэлжилж байна. Харин цаашдын төлөв улс төрийн хөрснөөс ихээхэн шалтгаална. Эрх баригч хүчний дотоодод үл ойлголцол даамжирсан одоогийн нөхцөлд олигтой үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-г зорихоосоо өмнө амралтын өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нартай хамт Их тэнгэрт үдийн зоог барьсан тухай мэдээлэл байна. Тэд угаас Их тэнгэрийн хөршүүд боловч шийдлийн Засгийн газар байгуулагдан, Ч.Сайханбилэгийнхийг тэнд амьдрахаар нүүж очсоноос хойш ийн тусгайлан уулзалдаж байгаагүй аж. Энэхүү зангиагүй уулзалтад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон гэж зарим эх сурвалж өгүүлж байгаа юм.
АН-ын гол лидерүүд Тавантолгой төслийн хувь заяаны талаар нэг шийдэлд хүрэхээр эрмэлзэж байгаа нь улс төрийн хувьд сайн мэдээ боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулагчдад “Удахгүй Тавантолгойг ч бас хөдөлгөнө” гэж зоригтой мэдэгдсэн нь Их тэнгэрт болсон уулзалтын үр дүн байж болох юм. Чухам ямар тохироо хийгдсэн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалтын тендерт огт оролцоогүй, санхүүгийн хувьд хүнд байдалд орсон, ойрын хугацаанд төлөх боломжгүй их өртэй компанийг “үндэсний аж ахуйн нэгж” гэдгээр нь онцлон консорциумд багтаасан зэрэг асуудалд Засгийн газрын эсрэг зогсож буй юм. УИХ, Засгийн газрын аль тал буулт хийснийг таашгүй, ямартай ч тэд дундын хувилбар бодож олсон гэдэгт найдъя.
Б.ЭНХЦЭЦЭГ