Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, Энхтайваны гүүрэн доогуур гарч явсан “Daewoo” маркийн автомашины жолооч Т уржигдар гүүрний өндрийн хязгаарлагчийг мөргөн, онхолджээ. Хүнсний бараа ачсан автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага мягмар гаригийн 20.27 цагт ОБЕГ-т ирсэн аж. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн зургаан алба хаагч түрүүлж очоод, машин татах техник хэрэгсэл дуудсан байна.
Ослын улмаас жолооч болон өөр хүн гэмтсэн эсэхийг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодруулахад “Жолооч болон өөр хүн бэртэж гэмтээгүй. Замын хаалт, хашлага, тэмдэг тэмдэглэгээ эвдэрсэн. Ослын шалтгааныг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийнхан шалгаж байгаа. Ачааны даац хэтрүүлсэн үү, техникийн гэмтэл бий юү, замын эвдрэлээс болсон уу гэдгийг тэд тогтооно. Осол гарах үед жолооч машиндаа ганцаараа явсан.
Тэрбээр согтууруулах ундаа хэрэглээгүй. Том оврын ачааны автомашинаар тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн тээвэрлэж яваа ачаа, оврын хэмжээнээс шалтгаалан Замын хөдөлгөөний дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатайг анхааруулж байна” гэв.
Үүнээс гадна уржигдар Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Жаал толгой” гэх газар “Старекс” маркийн автомашин онхолдон, гурван хүн нас барж, зургаан хүн гэмтсэн ноцтой осол гарчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн 105 дугаар сургуулийн арын замд “Креста” маркийн автомашины жолооч явган зоригч, есөн настай охиныг мөргөж гэмтээсэн байна.
Ч.ТУЯА