Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/338 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлээд байгаа билээ. Дүүрэг тус бүрт Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдах бөгөөд хороодын Засаг дарга нараар дамжуулан нийслэлийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хөдөлгөөн өрнүүлж, мод тариад зогсохгүй, услаж арчлах, улмаар ургуулахад энэ ажлын гол ач холбогдол оршиж байгаа юм.
Тус хөдөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр “Нийтийн үйлчилгээний улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Д.Энхсайхан ажиллаж байна. Улаанбаатар нэгтгэлийн хувьд энэ онд 450 гаруй мянган хайлаас тарихаар төлөвлөөд байгаа юм. Зөвхөн хайлаас тариад зогсохгүй гоёлын гацуур, шинэс, болон бусад цэцэглэдэг бут, сөөгийг ч багагүй хэмжээгээр тарихаар болжээ.
Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Ард аюушийн гудамжинд 150 гаруй мянган мод тариад байгаа юм. Мод тарих ажил нь хөрс бэлтгэх, тарих, услах, арчлах зэрэг цогц үйл ажиллагаа болон байнгын хараа хяналт шаарддаг онцлогтой. Ногоон байгууламжийн талбайн хаврын цэнэг усалгааны ажил өнгөрсөн сард хийгдсэн бөгөөд мод тарьсан талбайгаа услах, арчлах ажил тогтмол үргэлжилж байгаа юм байна.