Баруун Африкт өнгөрсөн тавдугаар сарын 13-наас хойш “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчнөөр нас барсан 52 тохиолдол, уг вирусийн халдвар авсан 161 шинэ тохиолдлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгэжээ. Энэ тухай тус байгууллагын Швейцарийн Женев хотод нийтэлсэн шинэ статистик мэдээнд дурдсан байна. Халдвар тархсанаас хойш Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад 26885 хүн “Эбола”-гийн халдвар авснаас 11117 нь нас баржээ. “Эбола”-гийн халдварын тохиолдол мөн Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи болон АНУ-д бүртгэгдсэн билээ. Гэхдээ Нигери улсаас бусад оронд халдвар авсан хүний тоо 10-аас даваагүй юм. Нигерид 20 хүн халдвар авснаас найм нь нас баржээ.