Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн дүү, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр саатуулсан тухай мэдээлэл өчигдөр бидэнд ирлээ. Тэрбээр өчигдрийн сонинд “Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно” хэмээн ярилцлага өгөхдөө өөрийг нь “АТГ-аас нэг ч удаа дуудаж асуугаагүй, шалгаж байгаа гэж мэдээлэл цацсанд гайхаж байна” гэсэн байсан. Харин түүнийг өчигдрөөс сэжигтнээр албан ёсоор тооцсон тухай мэдээллийг холбогдох байгууллагынхан хэллээ. Г.Дэнзэнг шалгаж эхэлсэн нь үнэн эсэхийг тодруулахаар намын нөхдөд нь хандахад “АТГ-ынхан шалгаж эхэлсэн нь үнэн. Өмгөөлөгч нь нарийн учрыг сайн мэдэж байгаа. 9981... дугаарын утсаар өмгөөлөгчөөс нь нарийн учрыг лавласан нь дээр. Бидэнд “Тодруулах зүйл байна гэж Г.Дэнзэнг дуудаад шууд баривчилсан гэх мэдээлэл өгсөн” гэлээ. Прокурорын байгууллагынхнаас лавлахад “Өчигдөр гэрт нь нэгжлэг хийх, албадан саатуулах зөвшөөрөл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс авахаар хандсаныг шүүхэд танилцуулсан. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нэгжлэг хийх, саатуулах зөвшөөрөл олгосны дагуу сэжигтнээр тооцон цагдан хорих захирамж гаргасан байна лээ” гэв. Бидэнд олдсон мэдээллээр Г.Дэнзэнг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанаас санаатайгаар зайлсхийхийг оролдсон гэсэн үндэслэлээр ийм арга хэмжээ авсан сурагтай. Г.Дэнзэнг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж байгаа талаар албан бус эх сурвалжууд хэлж байгаа. Гэхдээ түүний хэргийг “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийнхаас тусгаарлан шалгаж буй юм. Мөрдөн байцаалтын явцад “Говь повер”-т мөнгө шилжүүлсэн гэх үйлдэл нь уг хоёр хэргийг нэгтгэж болзошгүй гэсэн мэдээлэл ч бидэнд ирлээ.