УИХ-ын дарга З.Энхболдод А.Тлейхан, Д.Сарангэрэл, Ц.Баярсайхан, Д.Сумъяабазар нар Сэргээгдэх эрчим хүчний болон Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барив. Хууль санаачлагчид сэргээгдэх эрчим хүчний технологи хурдацтай хөгжиж, өртөг буурч байгаа тул үнэ тарифыг төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоох нэмэлт, өөрчлөлтийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзжээ.
Мөн оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгож, тусгай зөвшөөрөл, цахилгаан эрчим хүч худалдах ба худалдан авах харилцааг зохицуулан, үнэ тарифын зөрүүг зохистой санхүүжүүлэх арга замыг тодорхойлсноор энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад дөхөмтэй гэж үзэж байна. УИХ 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталжээ. Уг хуулиар эрчим хүчний салбарын бүтэц, зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох, бие даасан, хараат бус байдлыг хангах зэргийг зохицуулсан аж.
Нүүрс, занар, газрын тосны ордуудыг түшиглэн байгалийн хий олборлосон, хог хаягдлыг боловсруулан зохиомлоор гарган авсны дараа эрчим хүчинд ашиглах, хангамж, дамжуулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа нь нэгдмэл тогтолцоотой, инженерийн нэгдсэн цогцолбор болгож ажиллуулах шаардлага үүсчээ. Иймээс “хий”, “хийн хангамжийн сүлжээ” гэсэн ойлголтыг Эрчим хүчний тухай хуульд шинээр тусгахаар болсон байна.
Т.ЭНХ