БНХАУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, мах, махан бүтээгдэхүүн, улаан буудай, тосны ургамал экспортлох ажлыг урагшлуулахаар ХХААЯ-ны төлөөлөл энэ долоо хоногийн эхээр ӨМӨЗО-ы Хөх хотод ажиллажээ. Монгол Улсаас Хятад руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлоход хорио цээрийн асуудал тулгамдсаар ирсэн. Тэгвэл уг айлчлалын үеэр ӨМӨЗО-ы Хяналт, хорио цээрийн газрын дарга Жан Шао Тонгтой уулзаж, хоёр орны гадаад худалдааг хөнгөвчлөх үүднээс Монголоос хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг урд хөрш руу саадгүй экспортлохын тулд Бичигт, Хавирга, Өвдөг, Баянхошуу боомтын дэд бүтцийг сайжруулан, хорио цээрийн бичиг баримтад хоёр улс адил нөхцөл тавих тухай ярилцжээ.
Мөн бүтээгдэхүүний нэгдсэн цахим сантай болж, боомт дээр тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийх тоног төхөөрөмж суурилуулахад хөрөнгө оруулж, хамтран ажиллах саналыг манай талаас тавьсан байна. Үүнийг Хятадын тал хүлээн авсан бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлоход бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Юн Гуанжүнтэй уулзаж, тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг Монголд нутагшуулж, дэвшилт техник технологи нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.
Энэ талын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж сургахад дэмжлэг үзүүлж, малын халдварт өвчний оношилгоо, судалгааны чиглэлийн мэргэжилтн үүдийг урд хөршийн лаборатори, хүрээлэнд дадлагажуулах зэрэгт дэмжлэг үзүүлэх санал тавьсан аж. Юн Гуанжүн болон холбогдох албанынхан манай саналыг нааштай хүлээн авч, дэмжихээ илэрхийлжээ.
Ч.ЗУЛ