Ч.ТУЯА
Ой хээрийн түймэр бүр ойртоод ирлээ. Зүүн гурван аймагт гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрч, олон айл орох оронгүй болж, мал, эд хөрөнгөнөөсөө салсан бол нийслэлийн Налайх, Багахангай дүүрэгт өчигдөр хээрийн түймэр гарсан байна. Налайх дүүргийн III хороо, Ар булгийн ганц тов гэдэг газар гарсан хээрийн түймрийг аврах, гал унтраах 28 дугаар ангийнхан унтрааж, дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгчээ. Мөн Багахангай дүүргийн I хороо, Хангайн IX зөрлөг Хээхэрийн гурван толгой гэдэг газар хээрийн түймэр гарч, аврах, гал унтраах 80 дугаар ангийн 21 алба хаагч, орон нутгийн 252 иргэн ажиллан 315 га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраажээ.
Сүүлийн үед НОБГ-т ирж буй гал түймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын иргэд хашааныхаа шар өвсийг шатааж байгаад гал алдсан тохиолдол эзэлж буй аж. Өчигдөр л гэхэд ийм төрлийн дуудлага хоёр иржээ. Тиймээс иргэд, аж ахуй нэгж, байгууллага, олон нийтийг галын аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай өвс, хог хаягдал шатаахгүй байхыг НОБГ-аас анхаарууллаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн VII хороо, Хувьсгалчдын гудамжинд эрэгтэй хүн 4-5 метр гүн нүхэнд унасан байна гэсэн дуудлага тус газарт өчигдөр 22.40 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийнхныг очиход таван метр бохирын нүхэнд 33 настай хүн унаж, хүндэвтэр гэмтсэн байсныг ГССҮТ-д хүргэсэн өгчээ. Тэрбээр согтуу байсан аж.