ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманны хүсэлтээр БСШУ-ы сайд Л.Гантөмөр түүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол, Германы боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн цаашдын үйл ажиллагааг дэмжих талаар харилцан санал солилцов. Тухайлбал, шинжлэх ухааны салбарын хувьд Монгол-Германы "Хархорин экспедиц"-ийн "Хархорины их танхимыг "Ил музей" болгох" төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 2015 онд багтаан нээх чиглэлээр дэмжин ажиллахаар тохиролцсон. Мөн боловсролын салбарын хувьд Монгол, Германы хамтарсан технологийн их сургууль байгуулах үйл ажиллагааг хамгийн амжилттай хэрэгжиж буй төслүүд хэмээн талууд сайшаасан.