Нөхөрт гараач. Ингээд гэртээ сууж байхад чинь хаалга тогшоод “Уучлаарай энд ........гэдэг бүсгүй амьдардаг уу. Би түүнтэй гэрлэх гэсэн юм” гээд сайхан залуу ороод ирнэ гэж санаа юу” хэмээн бүр үнэн сэтгэлээсээ санаа нь зовсон найз минь хэллээ. “Гэлээ гээд яалтай вэ. Ямар гоё даашинзаа өмсөөд, нүүрээ толийтол нь будаж, өндөр өсгийт углан хотын гудамжаар нөхөр хайлтай биш. Заяаны хань зам дээр, тэртээ тэргүй хорвоог ганц биеэр туулахгүй нь лавтай, болох юм болдгоороо л болно” гэж би гэрийнхэн, найзуудын амыг таглачихна. Харин тэд “Чи гэнэн байна даа. Солонгос кинонд, чиний уншдаг зохиолуудад гардаг шиг гэнэтийн учрал гэдэг ховорхон тохиодог юм. Хүмүүст таалагдуулах гэж, бусдын хүсэж мөрөөддөгийг л тэр зохиолуудад зохиомлоор үзүүлдэг юм энэ тэр гэнэ.
Нээрэн ч техник, технологийн хувьсал бидний амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй, хүмүүсийн харилцааны арга хэлбэрийг хялбарчилсан, бас уйтгартай болгосон юм уу даа, аав, ээжийн ярьдаг шигээр адал явдалтай танилцсан түүхтэй гэр бүл миний найзуудын дунд лав байдаггүй. Нэг бол ангийнх нь хүүхэд, аль эсвэл уушийн газарт, үгүй бол бусдын төрсөн өдрөөр, бас интернэтээр танилцсан гэдэг юм. Угаасаа ч гудамжинд танилцъя гээд хүн хүрээд ирвэл таалагдсан ч гэсэн эмэгтэйчүүд нэрээ бодоод татгалздаг хойно доо. Хүмүүс ч таалагдсан хүн рүүгээ танилцах гэж очин азаа сорьж, эсвэл санаандгүй учрал мэтээр харагдуулах арга хайхаа больж, интернэтээр олж харилцах нь энгийн үзэгдэл болжээ.
Юм бүхэн хоёр талтай учир интернэтээр бусадтай танилцаж, цахим гэмт хэргийн бай болсон, хүчирхийлүүлээгүй юм гэхэд гар утсаа залилуулсан хүмүүс байгаа тухай сэрэмжлүүлэг ч олон гарч буй. Урьд нь бусадтай хэрхэн танилцдаг байснаа эргэн дурсахуй. Одоогоос 10 гаруй жилийн өмнө гэрийн утас өсвөр насныхны салшгүй найз байжээ. Хэзээ ч юм бэ, яаж ч юм бэ танилцсан утасны найз надад хэд хэд байсан юмдаг. Хоёр, гурван цагаар ч хамаагүй чалчиж, хөгжилтэй түүх ярьж, утасны төлбөр их гаргаад банга хүртэж байсан удаа ч бий. Нэгэнтэй нь уулзахаар зориг гаргаж, “Од” кино театрын гадаа уулзахаар болзлоо. Яг л радиогийн хөтлөгч шиг цээл хоолойтой түүний өөрийнх нь хэлснээр царайлаг нэгэн байна гэж төсөөлөөд очтол намхан, нүдний шилтэй, лав л миний бодсоноос тэс өөр хүү цагаа байн байн харан зогсож байх юм.
Хэрэндээ л гангалчихсан би хоолойгоор нь танадах санаатай цаг хэд болж байгааг асуухад яг мөн байна шүү. Би “За баярлалаа” гээд л гэрийн зүг хар хурдаараа гүйж билээ. Бусдаас хэтэрхий ихийг хүлээх хэрэггүй, төсөөлөл ямагт бодит байдлаас төгс байдгийг энэ явдлаас ойлгосон. Гэрийн утас моодноос гарч, толгойтой бүхэн л гар утас хэрэглэдэг болоод удсан, айлууд дөнгөж интернэттэй болоод байсан үе. Фэйсбүүкээс өмнө Hi5 гэх цахим сүлжээнд хүмүүс зургаа байршуулж, бусадтай танилцах моод дэлгэрч байлаа. Энэ удаа би эмэгтэй найзтай болохоор шийдсэн юм. Оройжин чаталдаг, хөгжилтэй, хөөрхөн, ухаалаг зөвлөгчтэй боллоо шүү. Түүнд би, тэр надад хамаг нууцаа дэлгэнэ.
Бид огт уулздаггүй болохоор, тэрний танилууд намайг, би түүнийхийг мэдэхгүй учир хэндээ ч хов тараана гэж эмээх вэ. Их сургуулийн нэгдүгээр курст байхдаа би анх удаа үерхсэн юм. Тийм харилцаанд туршлагагүй би болсон бүх явдлаа л өнөөх дурлалын доктортоо ярьж сэтгэлзүйн зөвлөгөө авна. Одоо бодоход, баяртай мөчөө л бусадтай хуваалцаж байсан нь тэр бололтой. Бүр сүүлдээ өнөөх хүүгээ хэр үнэнчийг нь шалгах төлөвлөгөө боловсруулж, цахим найздаа мессенжер хаягийг нь өгтөл хэрэг мандав. Яасан байх нь вэ. Царайлаг, хөөрхөн ааштай, миний итгэлийг олсон өнөө охин үерхдэг хүүг минь булаачихсан. Дөрвөлжин хайрцагны цаана сууж буй танихгүй найзуудад хэзээ ч битгий итгэ, эмэгтэй найзууддаа дурласан хөвгүүнээ хэзээ ч битгий танилцуул гэдэг алтан дүрмийг мөрдөх болсон түүх энэ.
Харин одоо цахим ертөнцөөр дотносдог моод өөрчлөгджээ. Хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүс фэйсбүүкт бүлэг үүсгэж, мэдээллээ хуваалцаж, сэтгэгдлээ солилцдог байсан нь гүнзгийрч бүр нэгдсэн уулзалт зохион байгуулдаг болсон юм билээ. Би ч гэсэн мэдээлэл авах зорилгоор нэг бүлэгт нэгдэн, хэд хэдэн сайн үйлсийн аян зохион байгуулахад нь оролцож, уулын болон дугуйн аялал, сагсан бөмбөгийн тэмцээн гээд цагийг зөв өнгөрүүлэх зорилготой хийдэг үйл ажиллагаанд нь очсоор одоо тэндээсээ дотно найз олонтой болсон. Хосууд ч төрсөөр...Орчин үеийн хайрын зохиолд мөдхөн цахимаар учирсан хосуудын түүхийг өгүүлдэг болох вий. Техник технологи хөгжсөөр л, хүмүүсийн учрах арга барил ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх юм бол доо.