Нийслэлийн ЗДТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ЗХЖШ хамтран Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, “Иргэн цэргийн бахархлын өдөр”-ийн үйл ажиллагаа өнгөрөгч бямба гаригт Чингисийн талбайд боллоо.
БХЯ, ЗХЖШ, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд, цэргийн алба хаасан иргэд, Эх орны дайнд ялсны 70 жилийн ойн жагсаалд парадад оролцож Улаан талбайд жагссан бие бүрэлдэхүүн, ОХУ-ын Анкарск хотод болсон ялалтын жагсаалд алхсан “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид энэ арга хэмжээнд оролцов.
Хоёр үе шаттайгаар хоёр сар үргэлжилсэн энэ уралдааны тэргүүн байрыг хурандаа Ж.Дамдинбазар захирагчтай хилийн цэргийн 0252 дугаар анги эзэлж, “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдлээр шагнууллаа. Дэд байрт бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги, гуравдугаар байрт хурандаа Д.Отгон-Ерөөлт захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги тус тус шалгарч, орон сууц, биеийн тамирын иж бүрдлийн эзэн болов.
Тусгай байр эзэлсэн дэд хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг дөрвөн сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр урамшуулсан юм. “Монгол цэргийн жавхаа-2013”-ыг дүгнэхдээ цэргүүдийн жагсаалч байдал, 2014 онд анги, байгууллагуудын тохижилт, эрүүл аюулгүй байдлыг харгалзаж байсан бол энэ жил тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчныг хэрхэн сайжруулсан, бие бялдрын стандарт зэрэг олон үзүүлэлтийг онцолжээ.
Б.БАЙГАЛ