“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж хуулийг үл тоож, төрийн байгууллага, албан хаагчийг ажлаа явуулахад нь саад болох төдийгүй дарамт учруулж байгаа гэнэ. Төрийн өмчийн хороо хуульд зааснаар хоёр жил тутамд төрийн өмчит компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгадаг бөгөөд үүний дагуу өнгөрсөн онд тус компанийг шалгасан байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 5-нд эхэлсэн шалгалтаа 24-нд нь дуусгаад тайлангаа мөн сарын 31-нд бэлэн болгожээ. Үүнийгээ ТӨХ-ны хуралд танилцуулж, үр дүнг нь албан ёсных болгох ёстой байсан ч Ж.Равдандоржийн балгаар “гацаж”, шалгалтын дүнг өдий хүртэл баталгаажуулаагүй байгаа гэнэ. Энэ талаар ТӨХ-ны төрийн өмчийн хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Энхзоригтой ярилцлаа.
-Шалгалтын үр дүнг баталгаажуулах ажил яагаад зогсов. Ямар зөрчил илэрсэн юм бол?
-ТӨХ-ны даргын 2014 онд баталсан төлөвлөгөөний дагуу хяналт, шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Жанцанхорол бид хоёр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 2012-2013 оны санхүүгийн ажиллагааг шалгасан. Тус компанийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгасан юм. Уг шалгалтыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн дууссан ч үр дүнг нь албан ёсоор баталгаажуулаагүй явсаар зуны амралт эхэлсэн тул хэлэлцэх боломжгүйд хүрсэн. ТӨХ-ны хуралдаанаар хяналт шалгалтын дүнг хэлэлцсэний дараа баталгааждаг юм. Шалгалтын тайланг ТӨХ-ны хуралдаанд танилцуулах талаар удирдлагууддаа олон удаа хандсан ч өдий хүртэл шийдэгдээгүй, албан ёсных болгоогүй байна. ТӨХ-ны хуралд танилцуулж шийдвэрлүүлээгүй шалтгаан нь удирдах албан тушаалтнуудаас шалгалтын дүнг хуралд танилцуулах чиглэл өгөхгүй, өөрчил гэж шахалт үзүүлж байсантай холбоотой. Учир нь шалгалтаар худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс гадна тус компани 2012 онд зардлынхаа төлөвлөгөөг 412.8, 2013 онд 805.3 сая төгрөгөөр хэтрүүлсэн. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д гэрээний дагуу бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх, гүйцэтгэх ёстой байсан аж ахуйн нэгжүүд гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн зэрэг зөрчил илэрсэн.
-Шалгалтын дүнгээс өөр шалтгаан байсан юм уу?
-Худалдан авалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн зөрчил яагаад гарав гэж иргэд гайхаж магадгүй. Тэгвэл шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэр төрлөөр нь жагсаачихсан байгаа.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бараа, үйлчилгээг ямар байгууллагаас худалдаж аваад хэдэн сарын хэдэнд ямар зөрчил гаргав гэдгийг нэг бүрчлэн жагсаалтаар гаргасан гэсэн үг. Харамсалтай нь энэ шалгалт өдий хүртэл албан ёсных болоогүй. Үүнээс хойш ТӨХ-д тус компанийн удирдлагатай холбоотой гурван гомдол ирүүлсэн. Эхнийхэд нь л гэхэд Ж.Равдандорж захирлын хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны талаар бичсэн байсан. Гомдлын дагуу дахин шалгах гэхэд нөхцөл боломж олгоогүй. Энэ мэтээр уг ажил зогсонги байсаар он гарсан. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд дахиад нэг гомдол ирсэн нь ямар нэгэн нэр хаяггүй байсан. Үүний хүрээнд ТӨХ-ны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга тус компанийг дахин шалгах удирдамж гаргасан. Зорилго нь өнгөрсөн шалгалтынхаа дүнг тулган баталгаажуулж, ТӨХ-ны хуралд танилцуулж шийдвэрлүүлэх явдал. Мөн ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх зорилго ч бий. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар манай байгууллага ирсэн өргөдлийн дагуу шалгалт явуулах үндэслэлтэй гэж үзвэл шалгах ёстой байдаг. Заавал иргэдийн нэр, хаяг байх ёстой гэж заагаагүй. Гэтэл нэр хаяггүй өргөдөл, гомдлоор шалгуулахгүй гэсэн байдлаар шалгалтын ажлын хэсгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй. Нэр хаяггүй, гарын үсэггүй өргөдөл гомдлоор шалгаж байгаа гэсэн мэдээлэл Ж.Равдандорж захирал хаанаас авсныг нь мэдэхгүй юм.
-Тус компани шалгуулахгүй байх эрхтэй юү?
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өргөдөл нь мэдээллийн шинж чанартай байж болно гэж заасан. Дээр нь тухайн хяналт шалгалтын байгууллага нэр хаяг, гарын үсэггүй өргөдөл гомдлыг хянан үзэхгүй байж болохоор зохицуулснаас бус хянан үзэж болохгүй гэж заагаагүй. Гэтэл нөгөө талаас хуулийг буруу тайлбарлаж, өөрт ашигтай байдлаар эргүүлэхийн тулд хууль бус шалгалт хийгээд байна гэж шүүхэд гомдол гаргасан. Одоогоор шүүхийн байгууллагаас шалгаж байгаа учраас өнгөрсөн онд хийсэн шалгалтыг түдгэлзүүлэх шийдвэр ирүүлээд буй юм. Тухайн асуудлыг шийдэх хүртэл шалгалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй, явуулахгүй гэсэн үг.
-Багагүй зөрчилтэй байтал ТӨХ дахиад арга хэмжээ аваагүй юм уу?
-Энэ оны гуравдугаар сарын 4-ний шалгалтын удирдамжийн дагуу шалгуулахгүй гэдгээ “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн захирал албан бичгээр ирүүлсэн. Үүний хариуд ТӨХ хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж буй ажилд хүндрэл учруулбал тус компанийн ТУЗ-өөр дамжуулж арга хэмжээ авах тухай хариуг албан бичгээр мэдэгдсэн. Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын 8-нд ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонгын баталсан удирдамжийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ТӨХ, Сангийн яам, Эрчим хүчний яамны төлөөллийг оролцуулсан шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн шалгалтаар ажиллахаар очиход “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийнхан шүүхэд хандчихсан байгаа учраас шалгуулахгүй гэсэн тайлбар өгсөн байна лээ.
-Тэднийх шиг шалгуулахгүй гэж зүтгэдэг байгууллага бий юү?
-Тэднийхээс өөр алга.
-Шалгалтын үр дүнтэй холбоотойгоор дарамт шахалт ирсэн үү?
-Захирал Ж.Равдандоржийн талаар шалгалтаас гадна цөөнгүй баримт бий. Төлөвлөгөөт шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэнтэй холбоотойгоор намайг дарамталсан. Мөн удирдах албан тушаалтнаас шахалт үзүүлж, шалгалтын дүнг ТӨХ-ны хуралд танилцуулахгүйгээр өөрчил гэж дарамталж байсан талаар ТӨХ-ны Тамгын газарт мэдэгдчихээд байгаа. Эрх бүхий байгууллага нь үүнийг шалгаж тогтоогоод хариуцлага тооцно гэж бодож байна. Энэ сарын 21-нд ТӨХ-ны шийдвэрээр тус компанийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ энэ шалгалттай биш, гэрээ дүгнэсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан юм билээ. Энэ шалгалтын дүнгээр ажлаас нь халлаа гэж ярих хүн цөөнгүй байна. Тийм асуудал байхгүй.
Ч.МӨНХЗУЛ