Улаанбаатар хот даяар өчигдөр 09.00 цагийн үед цахилгаан тасарсан юм. Баянзүрх дүүргийн нутагт орших Улиастайн гүүр орчимд байрлах “Дамжуулах сүлжээний Улаанбаатар 220” дэд станцад гэмтэл гарсны улмаас хот даяараа ийн гэрэл цахилгаангүй болсон аж. Тус станцад гал гарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатараас тодруулахад, “Нийслэлийн бүх цахилгаан тасарсан учраас сүлжээнээс дуудлага яг хэдэн цаг, минутад ирснийг харах боломжгүй байна.
Өглөө 09.30 цагийн үед дуудлага ирсэн болов уу. Улсын онцгой обьектод гал гарлаа гэдэг үүднээс Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах гурван ангийн 30 гаруй албан хаагч тус газарт очсон. Дүрэлзэж ассан гал байгаагүй. Станцаас оч хаясны улмаас ойр орчмынх нь өвс шатаж байсныг унтраасан. Түүнээс гал гарснаас гэмтэл учраагүй байх. Техникийн гэмтэл гарсан болов уу” гэсэн юм.
Өчигдөр 15.00 цагийн үед хотын баруун, зүүн захад эрчим хүчгүй, орон сууцны айлууд хоол ундгүй зутруухан хэвээрээ байв. Тиймээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс цахилгаан хэзээ ирэхийг лавлахад, “Дамжуулах сүлжээний Улаанбаатар 220” дэд станцад гэмтэл учирсны улмаас эрчим хүч нойл заасан. Гэмтэл гарсан хэсгийг тусгаарласан. Шалтгааныг тогтоохоор комисс ажиллаж байна. Хотын төв буюу нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид болон зарим газарт хэсэгчилсэн байдлаар цахилгаан өгсөн.
IV цахилгаан станц зуухаа галлаад эхэлсэн. Удахгүй нийслэл даяар гэрэл цахилгаантай болно. Диспетчерийн үндэсний төвөөс аль аль цахилгаан станцад хүчдэл өгөхийг мэдээлдэг. Бид команд хүлээгээд сууж байна” гэсэн хариулт өгөв. “Нэг станцад асуудал гарахаар нийслэл даяараа харанхуй болно гэж юу байдаг юм бэ” гэсэн бухимдлаа хүмүүс онлайнаар илэрхийлж байв. Харин 16.00 цагийн үед хотын баруун, зүүн захад цахилгаан ирсэн юм.