Ч.Туяа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос “Хүүхдийн эрхийг дээдлэе” унадаг дугуйтай өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл тэмүүллийг дэмжих, ялангуяа автозамын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг нь олгох, хүүхдийн эрхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн нээлт Чингисийн талбайд болсон юм. Тус өдөрлөгт 7-50 хүртэлх насны нийт 1000 орчим дугуйчин оролцсон бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс Баруун дөрвөн замыг зорьж, улмаар Зүүн дөрвөн зам руу хөдөлж, тэндээсээ буцаад төв цэг хүртэлх маршрутын дагуу аяллаа. “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ноос санаачилсан энэхүү өдөрлөгийг ХАХНХ-ын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Өнөр бүл” гэр бүл хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Замын цагдаагийн газар, “Эй Би” хүрээлэн, “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК, “Оргил” дугуйн клуб, “UB social” байк, “Romanza” лоунж, “Нинж гоо” ХХК, “Итали зайрмаг” зэрэг олон байгууллага дэмжиж хамтран ажилласан юм. Урлаг соёлын тоглолт, сонирхолтой сюрприз, амтат бэлгээр дүүрэн өрнөсөн тус өдөрлөгт “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр, “Ардчилсан хүчний холбоо”-ны тамгын газрын дарга Ч.Чимэд-Отгон, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар оролцож, сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн энэ үеэр “Ардчилсан хүчний залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Анхбаяр шилжин явах бамбараа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад гардуулж, хүүхдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахыг хүслээ.