Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XX хороо, “Улаанбаатар импекс” ХХК-ийн хашаанд, “Номин холдинг” ХХК-ийн “Номин” агуулах худалдааны төвийн баруун талд тэсрэлт болж, хүмүүс түлэгдэж, хордсон тухай дуудлага уржигдар 15.34 цагт НОБГ-т иржээ.
МХЕГ, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах анги, Цагдаагийн хэлтсээс нийт 36 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очсон байна. Тус газарт хураалттай байсан 20 кг-ын багтаамжтай 10 баллоны нэг нь дэлбэрч, таван хүн түлэгдэн хордсон байсныг ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хүргэсэн аж. Тодруулбал, төмөр замын “Улаанбаатар” зүтгүүрийн депогийн ажилтан 55 настай эрэгтэй Э, 40 настай эрэгтэй Ц, 28 настай эрэгтэй М, З, “Номин” агуулахын ажилтан 26 настай, эрэгтэй Б нар түлэгджээ.
Хадгалалтын горим зөрчсөнөөс хийн баллон дэлбэрсэн байна. Тэндхийн агаарт тархсан хорт хийг усаар саармагжуулж, НМХГ-ын алба хаагчид лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийгээд агаарт хорт бодис үлдсэн эсэхийг нягтлахад ямар нэг хорт бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй аж.
Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй юм байна.
Ч.ТУЯА