Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хоёрдугаар шатны арга хэмжээ уржигдар боллоо. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай трактор, үр тарианы комбайн худалдан авч, газар тариалан эрхэлж буй иргэд аж ахуй нэгжид тараахаар 2012 онд гэрээ байгуулсан. Үүний дагуу 125-165 морины хүчин чадалтай 132 трактор, 90 чиргүүл, үр тарианы 48 комбайныг тус улсаас оруулж ирэх аж. Уг арга хэмжээний нэгдүгээр шатанд найман трактор хүлээн авч байсан бол уржигдар 32-ыг хүлээн авсан юм. Одоогоор 40 тракторыг тариаланчид хөнгөлөлтэй зээлээр буюу жилийн хоёр хувийн хүүтэйгээр өгч эхлээд буй аж. Урд хөршийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр оруулж ирсэн техникийг авахыг хүссэн аж ахуй нэгж эхний ээлжинд нийт төлбөрийн 20 хувийг урьдчилан төлнө. Харин үлдсэн төлбөрийг таван жилийн хугацаанд жилийн хоёр хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх ёстой гэнэ.
Техник, тоног төхөөрөмж худалдан авах уг төслийг хэрэгжүүлсэнээр манай орны тариалангийн салбар тогтворжих, тариаланчдийн техник хангамжийг нэмэгдүүлэх сайн талтай юм. Мөн 15.000 га талбайд үр тариа хураах, 28.000 га-д уринш боловсруулах, тариалалт хийх зүтгэх хүчний техник нэмэгдэж буй аж. Түүнчлэн хураалтын техникийн хүчин чадал одоогийнхоос тав, зүтгэх хүчний техник найман хувиар тус тус өснө гэж тооцжээ.