Хүнс, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Эх орны хүнс, эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих өдөрлөгийг маргаашнаас ирэх пүрэв гариг хүртэл зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээллээ. Уг өдөрлөг нь Хүнсний аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сэдэвт нэг сарын аяны хүрээнд хийж буй ажил гэнэ. Энэ үеэр Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой аж. Үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгж оролцож, Эрх чөлөөний талбайд гурван өдрийн турш бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна чанарын шаардлага хангасан хүнсээр ард иргэдэд үйлчлэх юм байна.