Өнгөрсөн ням гаригийн 08.51 цагт 220/110/35 кВ-ын “Улаанбаатар” дэд станцын 110 кВ-ын талд гэмтэл гарсны улмаас төвийн бүсийн эрчим хүчний систем бүхэлдээ доголдон, Дулааны цахилгаан станцууд хүчдэлгүй болж, Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан тасарсан. Үүний улмаас хотын цэвэр, бохир ус, дулаан хангамж, харилцаа холбоо, тролейбус бүрэн зогсож, ослын байдалд шилжсэн. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбарын мэргэжилтнүүд гэмтэл гарсан станцад ажиллаж, Улаанбаатар хотыг хангадаг 110 кв-ын 16 дэд станц, ил хуваарилах хоёр байгууламжийн системийн ажиллагааг хэвийн болгож, 09.30 цагт хотын төвийн онцгой хэрэглэгчдийн цахилгааныг залгажээ. Ийн шат дараатай арга хэмжээ яаралтай авсны үр дүнд 18.15 цагт Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан хангамжийг хэвийн байдалд оруулсан байна. Гэсэн ч гэмтлээс шалтгаалан, тэг зогсолт хийсэн Дулааны цахилгаан станц-IV-ын үйл ажиллагаа бүрэн сэргээгүй тул хотын дулаан хангамжийн даралт, температурын горимын ажиллагааг 21.00 цагийн үед хэвийн байдалд оруулжээ. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн өчигдрийн мэдээллээс үзвэл энэхүү гэмтлийг засахад Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, Дулааны цахилгаан станц-II, III, IV ажилласан байна.