Аж үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Засгийн газрын бонд, “Чингис” бондын эх үүсвэр, Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж, ямар үр дүн гарсан бэ гэдэгт хоёр сарын хугацаанд мониторинг оруулжээ. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон “Чингис”, “Самурай” бондын эх үүсвэрээс үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Улсынхаа нэрээр дэнчин тавьж, өндөр өртгөөр босгосон хөрөнгийг аж ахуйн нэгжүүд зөв төлөвлөн зарцуулж, үр дүнд нь ажлын байр нэмэгдэж, импортын хэрэглээг орлох дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна уу гэдэг нь чухал юм.
Өнгөрсөн хугацаанд 1680 төсөлд 419.6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Тухайлбал, Засгийн газрын бонд болон “Чингис” бондын эх үүсвэрээс арьс шир, ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөгийн зээл өгчээ. Мөн ЖДҮХС-гаас сүүлийн гурван жилд 1572 төсөлд 241 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгосон аж. Аж ахунй нэгжүүдийн 83.5 хувь нь авсан зээлээ эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан байна. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхээс гадна ажлын байр ч шинээр бий болсон гэнэ. Мөн компаниуд зах зээлээ өргөтгөж борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар өсчээ. Хэдийгээр манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч жижиг, дунд үйлдвэрүүд 5500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, шинээр 5871 ажлын байрыг бий болгожээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГААГҮЙ КОМПАНИД ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого ингэж үр дүнгээ өгч байгаа ч үүний хажуугаар саар мэдээ байна. Тухайлбал, 61 төслийн ажил үр дүнгүй болж 23.3 тэрбум төгрөг салхинд хийсчээ. Эдгээрээс 22 нь зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй, 20 нь огт үйл ажиллагаа явуулаагүй, 19 нь хаяг тодорхойгүй байсан аж. Иргэн Б.Бүрэнжаргал утаагүй уурын зуух байгуулж, агаарын бохирдлыг бууруулах нэрээр 100 сая төгрөгийн зээлийг 2011 онд аваад буудал, караоке, цайны газар байгуулсан байна. Мөн “Лансэр-Орд” компани бетон зуурмагийн үйлдвэр байгуулахаар 450 сая төгрөгийн зээл аваад “Сонохон” нэртэй хүүхдийн цэцэрлэгтэй болжээ. Энэ мэтээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авсан зээлийн хөрөнгийг цайны газар, караоке, буудал байгуулах зэргээр өөр зориулалтаар зарцуулсан 22 аж ахуйн нэгжтэй байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээг цуцалж, хүүг нь арилжааны банкны зээлийн хүү рүү шилжүүлэх шийдвэрийг Аж үйлдвэрийн яамнаас гаргасан байна.
Мөн арьс шир боловсруулах үйлдвэр, барилгын бетон хийцийн үйлдвэр байгуулах зорилгоор зээл аваад үйл ажиллагаа явуулаагүй 20 аж ахуйн нэгжийн зээлийн хүүг арилжааны банкны хүү рүү шилжүүлэхээр болжээ. Үүнээс гадна шалгалтын үеэр холбоо барих боломжгүй, хаяг нь өөрчлөгдсөн 19 төслийн үйл ажиллагаанд дахин мониторинг хийх гэнэ. Үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. Гэтэл өмнө нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон тохиолдол ч гарсан байна.

СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ БОРЛУУЛАЛТ ТААРУУ БАЙНА ГЭВ
Засгийн газрын тогтоолоор ЖДҮХС болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас (ХЭДС) 23 тэрбум төгрөгийг ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 18 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон аж. Үүнээс найман төсөлд мониторинг хийхэд аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөө зориулалтын дагуу зарцуулсан боловч борлуулалт тааруу байгаагаас зээлийг эргэн төлөлт муу байгаа гэнэ. Өнгөрсөн сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс дөрвөн тэрбум төгрөгийн зээл төлөгдөж, зээлийн үлдэгдэл, хүү алданги нийлээд 20.1 тэрбум төгрөг болжээ. Тухайлбал, “Сор кашмер”, “Ашид нэхмэл”, “Өүлэн мэнч” компаниуд авсан зээлийнхээ ердөө 2-9 хувийг эргүүлэн төлсөн бол “Могол ноос”, “Санширо”, “Монгол нэхмэл”, “Мон форте” компаниуд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байгаа аж. Компаниуд зээлээ эргүүлэн төлж чадахгүй байгаагаа дүрэмт хувцасны борлуулалт тааруу байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. Мөн Аж үйлдвэрийн яамны шалгалтын үеэр компаниудын агуулахад 16.8 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн байжээ.
Энэ үеэр тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “ЖДҮХС-гаас нийт зээлийн 57 хувийг барилга, хүнс, үйлчилгээний салбарт олгосон байна. Энэ нь экспортод чиглэсэн төслүүдийн эзлэх хувийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн компаниуд ихэвчлэн тоног төхөөрөмжөө шинэчлэх болон эргэлтийн хөрөнгө босгох зорилгоор зээл авч байна. Тиймээс эдийн засаг хүндрэлтэй, санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал үед гадаадын “Экзим” банкны эх үүсвэрээр тоног төхөөрөмжийн лизинг үйлчилгээг үйлдвэр эрхлэгч нарт үзүүлэх шаардлагатай байна” гэв.

Н.САНЖААСҮРЭН