АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонссон байна. УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн ням гаригт Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын барилгын ажилтай танилцжээ. Ингээд тэрбээр бүлгийнхээ хуралдаанд Хөшигийн хөндийд казино, чөлөөт бүс байгуулах санал гаргасан байна. Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Дубайн чөлөөт бүсийн үйлчлүүлэгчдийн 60 хувь нь хятадууд байдаг гэнэ. Хөшигийн хөндийд казино болон оффшор бүс байгуулбал хятадууд олноор ирж үйлчлүүлнэ гэж төсөөлж буй аж.
Хятадаас Дубай руу долоон цаг нисдэг бол манайх руу нэг цаг гаруй нисдэг. Дэлхийд чөлөөт бүс байгуулсан туршлагатай компани цөөн байдаг гэнэ. Энэ үеэр тэдгээрээс нэгийг нь сонгоод хамтарч ажиллаж болох талаар ч ярилцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлахдаа нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй сан байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан, мөн нэг сая малын мах экспортлохоор болсноо ярьжээ.
АНЭУ-аас араб маягаар нядалж, бэлтгэсэн мах худалдаж авах сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Тус улсад мах экспортлохын тулд араб маягаар мах бэлтгэх үйлдвэр байгуулах шаардлагатай аж. Мөн бүлгийн хуралдааны үеэр Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх санал гаргажээ. Бүлгийн гишүүд энэ саналыг дэмжиж, ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзсэн байна. АН-ын бүлгийнхэн ажилгүйдэл, хот төлөвлөлт, хөдөөгийн хөгжлийг шийдэх ажлын гурван хэсэг байгуулжээ. Ажилгүйдлийг шийдэх арга хэмжээ авч ажиллах ажлын хэсгийг Ж.Батзандан гишүүн ахлахаар болсон аж.
Тэрбээр “Ажилгүйдлийг шийдвэрлэхийн тулд том төслүүдээ эхлүүлэхэд анхаарч ажиллана. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ган хайлуулах үйлдвэр барина. Мөн Тавантолгойгоос Чойбалсан хүртэл төмөр зам тавих төслийг эхлүүлнэ. Ерөнхийлөгч Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд зүүн чиглэлд төмөр зам барих санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ. Хамтарсан компани байгуулж энэ бүтээн байгуулалтыг хийхээр болсон. Удахгүй “Шинэ Яармаг”, “Арьс шир боловсруулах үйлдвэрийн цогцолбор” төслийг эхлүүлнэ” гэв.
Ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт “Шинэ Яармаг” төслийн явц, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцах аж. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ үер “Манай бүлэг хүнд аж үйлдвэр, хот төлөвлөлт, хөдөөгийн хөгжлийн гэсэн бодлогын гурван баримт бичиг гаргана гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Т.ЭНХБАТ