Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв. Харин хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нарын гишүүд горимын санал гаргаж гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв. Д.Дэмбэрэл гишүүн дээрх хуулийн төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай юм. Учир нь хуулийн төсөл өөрөө олон төрлийн харилцааг хөндөж байгаа тул Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай. Тиймээс уг асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дахин оруулж хэлэлцүүлсний дараа хэлэлцэх саналтай байна гэсэн юм.