Афганистан дахь терроризмын эсрэг эвслийн /ISAF/ командлагч асан генерал Маккристаллыг огцроход хүргэсэн өгүүлэл рок-попын “Rolling Stone” сэтгүүлд нийтлүүлсэн сэтгүүлч Майкл Гастингс Афганистаны дайны тухай ном бичихээр шийдвэрлэсэн тухай АР уламжиллаа. Уг номд Афганистанд явуулж буй цэргийн ажиллагааны талаар ямар нэг шүүлтүүргүй өгүүлэх юм байна.
Өнгөрсөн сарын 22-нд АНУ-ын зарим нэг албан тушаалтны нэр төрд халгаатай гэж үзэж болохуйц өгүүлэл дээрх сэтгүүлд нийтлэгдсэн юм. Генерал тэрхүү өгүүлэлдээ Жо Байдан гэдэг хүнийг (АНУ-ын Дэд ерөнхийлөгч) мэдэхгүй царай гаргаж, АНУ-ын Афганистан, Пакистан дахь тусгай төлөөлөгч Ричард Холбрукийг шүүмжилсэн юм.
Түүний энэхүү мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зэрэг олон хүний дургүйг хүргэж, эцэст нь Маккристалл албан тушаалаасаа огцрохоор болж, дараа нь цэргийн албыг орхих бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэн юм.
Майкл Гастингс өмнө нь Ирак дахь дайны талаар “Newsweek” сэтгүүлд өгүүлэл бичиж байжээ. Тэрбээр бас өөрийн гэргий Андреа Фарамовичийн Иракт амь үрэгдсэн тухай “Би хайртыгаа Иракт алдлаа, Орчин үеийн дайны тухай түүх” гэдэг ном бичжээ. Америкийн Үндэсний ардчиллын хүрээлэнд ажилладаг байсан Андреа Фарамович 2007 онд зэвсэгт дайчид цэргийн цувааг дайрах үед Багдадад амь үрэгдсэн юм байна.