Холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд УБИС, МУИС-ийн хичээлийн байранд суралцаж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзаж, цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээлийн явцтай танилцлаа.
МУИС-ийн оюутан “Эр хүн болж төрснийх цэргийн алба хаах ёстой юм байна гэдгээ хөтөлбөрт хамрагдсаны дараа ойлгосон. Хичээл нь их сонирхолтой. Цаашдаа бэлтгэлд гарч, цэргийн амьдралаар амьдарна гэхээр бүр сайхан санагдаж байгаа. Энэ хөтөлбөр нь бидний цаг завыг хэмнэж төрийн албанд орж ажиллах үүд хаалгыг нээж байна” гэв. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оюутнуудад хичээлдээ шамдан суралцахыг захиад Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслөөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хугацаа тодорхой болно. Цаашлаад улам боловсронгуй болгох талаас нь салбарын зүгээс ажиллаж байна" гэсэн юм. Харин БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар "Эр хүний нөхөрлөл цэргийн хуарангаас гэдэг. Зүсэм талхаа хувааж идэхээс л цэргийн нөхөрлөл эхэлнэ. Цэргийн алба хааж байсан цаг хугацаа хамгийн сайхан үеийн маань нэг" хэмээн оюутнуудыг цэргийн албандаа шамдан суралцахыг сануулав.