Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд байгуулсан 51 ажлын хэсгээс байгууллагуудын цэвэрлэгээ тохижилтод хяналт тавьж эхэллээ. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч, хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм. Хангалттай гэсэн үнэлгээ бүхий анхны наалтыг Хан-Уул дүүргийн II хорооны “Туул” сууц өмчлөгчдийн холбоо, Баянгол дүүргийн XII хороо авав. Тус газрууд тохижилтоо сайжруулж өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж иргэдтэйгээ хамтран ногоон байгууламжаа нэмэгдүүлэн орчноо тохижуулж байна. Хангалттай гэсэн үнэлгээ бүхий наалт нь “Баярлалаа” гэсэн бичигтэй инээмсэглэж буй хүний дүрстэй.
Харин Хан-Уул дүүргийн ХААН банкны “Жаргалан” салбар гадна орчноо цэвэрлээгүй, үүдний довжооны наалт нь ховхорсон, байшингийн нь эргэн тойрон угаагаагүй, бэлэн мөнгөний машины гадна, дотор тал үзэмжгүй, шаардлага тавьсан ажлын хэсгийнхнийг эсэргүүцэж зохисгүй авир гаргасан тул хангалтгүй үнэлгээ авчээ. Ийм үнэлгээтэй аж ахуйн нэгжүүдэд “гахай”-ны дүрс бүхий тохижилт муутай бохир байгууллага гэсэн наалт наасан. Мөн Хан-Уул дүүргийн II хороо “Цайны зам трейд”-ын дэлгүүр, караоке, ресторан цэвэрлэгээ муутай байсан тул хангалтгүй гэсүнэлгээ авлаа. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой.