Эхлээд Оюутолгой, дараа нь Тавантолгой, одоо дахиад Оюутолгой, бас дахиад Тавантолгой гээд хэрүүл огт тасрахгүй үргэлжилсээр хоёр дахь Парламентын хугацаа шувтрах нь. УИХ-ын танхимд, бүр Ерөнхий сайдын түвшинд “Та монгол хүн яг мөн үү”, “Эргэлзэх хэрэггүй, би монгол” гэх мэдээжийн асуулт, хариултаар үг сөрөлцөн хэрэлдэх нь энгийн үзэгдэл болжээ. Тэнд эцэг тогтоох шүүх хурал үе үе болдог. Ийнхүү хайран сайхан он жилүүдийг үрэн таран барав. Монголын улстөрчид үүнийгээ улс төр хэмээн нэрийдэх тул манайд хууль тогтоох, бодлого боловсруулах ажил яаж явдаг нь ойлгомжтой.
Тээр дээр “Нисванис”- ын Амгаагийнхыг дагуулахгүй тулга тойрсон улаан хэрүүл манарах. Тоосонд нь нийгмийн дархлаа хэрхэн сульдаж, иргэдийн амьдрал харшилж байгааг ч анзаарах сөхөөгүй дээдэс маань улам хэрүүлжсээр, дамжаа нь бүр гүнзгийрсээр байна. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг дээ. Бас “Хэрүүл хар мөртэй” ч гэдэг. Өглөө сэрэхэд л бухимдал тосно. Ус тасарчихаж. Цахилгаан ч алга. Автобус баазын жолооч нар ажил хаяад замын нэгдүгээр эгнээ хоосон. Гудамжаар дүүрэн гар өргөж такси хайсан хүмүүс. Шүдээ угаагаагүй, цайгаа уугаагүй, цэцэрлэгийн хүүхдээ тэвэрсэн, тэгээд дээр нь унаагүй хүмүүс. Ууртай царай, уцаартай хот.
Хотод амьдрал тогтсон хэмнэлтэй, бүх зүйл ойлгомжтой байх ёстой. Хэмнэл алдагдвал бухимдал дэвэрдэг. Нийслэл гэдэг их айлын амьдрал самуурах боллоо. Халуун ус, цахилгааны хязгаарлалт, нийтийн тээврийнхний ажил хаялт бол цэвэр аж ахуйн шинжтэй бэрхшээл юм. Харин манай хотын хувьд бол үгүй. Тухайн байгууллагын дарга аль намын угшилтайгаас ихээхэн шалтгаалах улс төрийн агуулгатай хямрал учраас тийм ч амар хялбар шийдэгдэхгүй нь бололтой. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дарга Ж.Равдандорж ажлаас халагдсанаа дуулаад тамга, тэмдгээ аваад ор сураггүй зугтчихаж.
Түүнийг ийн оргож боссон хойгуур ажлыг нь орлох хүнгүй байснаас хот төдийгүй улс орон маань тух алдан зутарчээ. Энэ бол ганцхан Монголд л тохиолдох явдал. Ямар том толгойтой дарга гэхээрээ төрийн үйлчилгээний албаар “чоно, туулай” хийн тохуурхдаг нь сонин. Дарга даамлын нүүдэл суудлаас болж тухайн салбар бөөн хорсол, өс хонзонгийн үүр болж хувирдаг явдал энэ засгийн үед хэтийдэх болсон нь олны анхаарлыг татаж байна.
Төрийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдэд улс төрийн томилгоо ойр ойрхон хийж, тогтсон дүрэм журмыг эвдэж байгаа нь эмх замбараагүй явдал газар авахад хүргэж байна. Ерөнхий сайд, ЗГХЭГ, ТӨХ үүнийг анхааралдаа авч, сонгууль хүртэл үлдсэн богино хугацаанд дахин халаа сэлгээ хийхгүй байвал зохилтой.
Б.ЭНХЦЭЦЭГ